Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн саналын зөрүү 2.5 хувьд хүрлээ

2016-11-01 14:36:30

АНУ-ыг ирэх дөрвөн жил тэргүүлэх Ерөнхийлөгчийн нэр долоо хоногийн дараа гэхэд тодорхой болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Америкийн ард түмний итгэлийг олж, дэмжлэгийг нь хүртэхийн тулд явуулж байгаа компанит ажлынхаа үр дүнг хүртэхэд ердөө долоо хоног үлдээд байна.

Энэ үед Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны цахим захидалтай холбоотой мэдээллийг Холбооны мөрдөх товчооноос цацсан нь дуулиан шуугиан дэгдээгээд байна. Энэ нь нэр дэвшигчийн саналд бага ч гэсэн нөлөөлнө гэж өрсөлдөгчид нь харж байна. Сонгууль болохоос долоо хоногийн өмнөх байдлаар хоёр нэр дэвшигчийн хоорондын саналын зөрүү ердөө 2.5 хувьтай байна.

Тодруулбал, иргэдээс авсан санал асуулгаар Дональд Трампыг дэмжигчдийн хувь 45 байгаа бол Хиллари Клинтоных 47.5 хувьтай байна. Тэдний саналын зөрүү өнгөрсөн 10 дугаар сард долоон хувьтай байсан нь 2.5 болж буурч байгаа нь сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад бэрх болгож байна.

АНУ-ын сонгуулийн системийн дагуу иргэд нь Ерөнхийлөгчийг шууд сонгодоггүй, иргэдийн 538 төлөөллийн саналаар сонгодог. Энэ системийн дагуу одоогийн нөхцөл байдлыг тайлбарлавал, Хиллари Клинтон ялалт байгуулах магадлал өндөртэй мужуудаас 263 төлөөллийн санал, Дональд Трамп 164 санал авахаар байна. 11 дүгээр сарын 8 буюу сонгуулийн өдөр хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 270 төлөөллийн саналыг авч чадвал Ерөнхийлөгчөөр сонгогдох бүрэн эрхтэй болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн саналын зөрүү 2.5 хувьд хүрлээ   
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй