Шууд Chart

Зика вирус эрэгтэй хүний нөхөн үржихүйн системийг гэмтээдэг байж болзошгүй

2016-11-01 15:36:39

Өмнөд Америкаас эхлэн тархсан зика вирус нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүйг судалгаагаар баталжээ. АНУ-ын эрдэмтэд зика вирусын учруулж болох хор хохирлын судалгааг лабораторийн хулгана дээр явуулахад эр хулганын нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь гэмтсэн байна. Энэ нь хүн дээр ч мөн ижил үйлчлэх эсэхийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна.

Сант Луис дахь Вашингтоны их сургуулийн судалгааны баг болон бусад судалгааны хүрээлэнгүүд энэ тухай судалгааны бүтээлүүдээ Натур сэтгүүлд нийтэлжээ. Энд өгүүлснээр туршилтад хамрагдсан хулгануудын даавар болон эр бэлгийн эсэд хамгийн гол өөрчлөлт оржээ.

Бүр тодруулбал, зика вирусаар халдварласан эр хулгана эсрэг хүйстэндээ үр тогтоох чадамж нь энгийн үетэй харьцуулахад дөнгөж 20 хувьтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, зика вирус нь эр бэлгийн эсийн боловсруулалтад саатал учруулдаг нь энэ туршилтаар батлагджээ.

Судлаачид энэ үр дүнг хүн дээр яг ижил илрэх эсэх талаар одоогоор хариулж чадахгүй байна. Гэхдээ ийм байх магадлал өндөр учир энэ төрлийн судалгааг хүн дээр хийж эхлэх шаардлагатай байгааг ярьж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар шумуулаар дамждаг зика вирусын халдвар нь өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн 73 оронд тархсан, бүр тодруулбал, Төв болон Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад хамгийн их тархалттай байгаа юм.

Энэ вирусын халдвар тээсэн ихэнх өвчтөнүүдийн хувьд шинж тэмдэг хурц илрэхгүй байгаа ч халдвартэй жирэмсэн эхээс толгой нь хэвийн бус буюу хэт жижиг хэмжээтэй хүүхдүүд төрсөөр байгаа. Эдгээр хүүхдүүд нь тархины хөгжил дорой, залгиур эрхтэний доголдолтой, хараа, сонсгол зэрэг мэдрэхүйн эрхтэн нь хэвийн хүүхдийнхээс сул зэрэг шинж тэмдгүүд илрээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зика вирус эрэгтэй хүний нөхөн үржихүйн системийг гэмтээдэг байж болзошгүй   
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй