Шууд Chart

Хүний эрхийн асуудлаарх тогтоолын төслийг НҮБ-д өргөн барилаа

2016-11-01 16:05:57

Европын Холбоо болон Япон улс Умард Солонгос дахь хүний эрхийн хамгаалалтыг сайжруулахын тулд анхаарлаа хандуулахыг уриалсан хамтарсан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүний эрхийн асуудал эрхэлсэн гуравдугаар хороонд өргөн барилаа.

Энэхүү тогтоолд Умард Солонгост хүний эрхийн зөрчил он удаан жил, өргөн хүрээнд, маш сайн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж ирснийг дүрслэн өгүүлжээ. Иймд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ асуудлыг бодитоор хүлээн авч, шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг тогтоолын төслөөр дамжуулан шаардаж байна. 

Европын Холбоо болон АНУ-ын төлөөлөгчид Пхеньяныг олон улсын хамтын нийгэмлэгүүдийн зүгээс тавьж байгаа шаардлага, зөвлөгөөг огтхон ч тоохгүй байгаад эрс зэмлэн буруушааж байна. НҮБ дахь Японы төлөөлөгч тус улсын иргэдийг Умардын талаас хулгайлж, хүний эрхийн хувьд байж боломгүй хүчирхийлэл үйлдсэнийг энэ үеэр тайлбарлажээ.

Мөн тэрбээр хүн хулгайлах энэ асуудал аль болох ойрын хугацаанд шийдвэрлэгдэж, хулгайлагдсан иргэдийг эх оронд нь буцаан өгөх шаардлагатай болохыг нэмж хэлсэн байна. Харин Умард Солонгосын төлөөлөгч хариуд нь хүний эрхийн тухай эдгээр асуудлуудыг гадны улс орнууд тус улсын бие даасан байдлыг үгүйсгэж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох зэрэгт улс төрийн арга хэрэгсэл болгон ашигласаар ирснийг тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд Европын Холбоо болон Японы талаас ийм төрлийн тогтоолын төслийг жил бүр өргөн барьж байгаа ч асуудлыг шийдвэрлэх дорвитой алхамд хүрэхгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүний эрхийн асуудлаарх тогтоолын төслийг НҮБ-д өргөн барилаа   
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй