Агаарын бохирдол нь халдварт хумхаа өвчин, хүний дархлал хомсдлын вирус зэргээс илүүтэйгээр олон зуун мянган хүүхдийн аминд хүрэх гол шалтгаан болж байгаа учир энэ гамшгаас урьдчилан сэргийлж, агаарын бохирдлын түвшинг бууруулахыг ЮНИСЕФ-ээс улс орнуудад хандан уриалаад байна.

Тус байгууллагаас гаргасан судалгаагаар жил бүр 5-аас доош насны 600.000 хүүхэд агаарын бохирдолтой холбоотой өвчний улмаас амь насаа алдаж байна. Тэр дундаа ядуу буурай улс орнуудад энэ тоо харьцангуй өндөр байгааг энд дурджээ. Агаарын бохирдол нь эхийнхээ хэвлийд өсч бойжиж байгаа ургаас эхлээд бага насны хүүхдийн эрүүл мэндэд хамгийн ноцтойгоор нөлөөлдөг байна. Энэ хүчин зүйл нь хүүхдийн хөгжиж байгаа уушгинд төдийгүй тархины цусан хангамж, ирээдүйн хөгжилд сөргөөр нөлөөлж гэмтээдэг болохыг эрдэмтэд баталжээ.
Дэлхийн удирдагчид терроризмын эсрэг хүчтэй тэмцдэг мөртлөө улс орны ирээдүй болсон хойч үеийнхнийг үй олноор нь хордуулж байгаа агаарын бохирдлын эсрэг сул дуугарч байгааг ЮНИСЕФ-ээс шүүмжилж байна. Тус байгууллагаас улс орнуудад хандан дараах дөрвөн алхмыг нэн яаралтай хийхийг уриалаад байгаа юм.
Нэгдүгээрт, нүүрсний шаталтыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтаа өсгөх. Хоёрдугаарт, хүүхдийн эрүүл мэндэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, тухайлбал 5-аас доош насны хүүхдийг хамгийн их үхэлд хүргэдэг уушгины хатгалгаа болон түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг ард иргэд өргөнөөр түгээж, хүүхдийн дархлааг сайжруулах. Гуравдугаарт, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн орчныг хорт утаа ялгаруулдаг үйлдвэрүүдээс хол байрлуулж, гэрийн нөхцөлд нүүрсний хэрэглээг хамгийн бага түвшинд хүргэж бууруулах. Дөрөвдүгээрт, агаарын бохирдлын хяналтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байна.
| Жил бүр агаарын бохирдлын улмаас 600.000 хүүхэд амь насаа алдаж байна | ||
| Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.