Шууд Chart

Дональд Трамп: Баярлалаа Хума, сайн ажиллалаа

2016-11-01 16:23:04

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль яг долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 8-нд болно. Энэ сонгуулийн үйл явц болоод нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Сонгууль болоход ердөө хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг мөчид ч тэдэнтэй холбоотой шуугиан тасрахгүй байна.

Хамгийн сүүлд Холбооны мөрдөх товчоо нэр дэвшигч Хиллари Клинтоны нууж устгасан гэх цахим захидлуудтай холбоотой материал олж илрүүлсэн тухай мэдэгдсэний дараа түүний өрсөлдөгч Дональд Трамп үүнийг нь компанит ажилдаа овжин ашиглаж байна. Тэрбээр “Хиллари хууль зөрчсөөр ирсэн. Цаашид ч зөрчих болно. Энэ удаад түүний нуусан цахим захидлуудын үүр уурхай олдсон гэж найдаж байна. Алга болсон гэх 33.000 цахим захидлыг эндээс л олох болно. Би өмнө нь Хилларигийн туслах Хума Абедин болон түүний нөхөр Антони Вайнерт талархана гэж хэзээ ч бодож явсангүй. Гэхдээ энэ удаад хэлчихье. Баярлалаа, Хума. Баярлалаа Абедин. Та нар сайн ажиллалаа” гэсэн ёжилсон агуулга бүхий үгсийг хэлсэн байна.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон одоо түүний эсрэг юу гэж ч ярьж, хар пи ар хийсэн бай сонгуулийн өрсөлдөөнийг тэргүүлсэн байр сууриа алдахгүй гэдэгтээ бат итгэлтэй байна. Тэрбээр “Надад нууж хаах зүйл огтхон ч байхгүй” гэсэн юм. Гэсэн ч 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа улсын ажлыг хувийн цахим серверээрээ явуулж хууль зөрчихийн зэрэгцээ 33.000 цахим захидлаа устгасан гэх хардлагад өртсөн нь түүнийг авлига хээл хахуул, албан тушаал, зэр зэвсгийн наймаа зэрэг хууль бус гэмт үйлдэл хийснийгээ нууж дарах гэсэн байж магадгүй гэх сэжиг таамгийг төрүүлээд байгаа юм.

Одоогийн байдлаар Холбооны мөрдөх товчооны олж илрүүлсэн 650.000 цахим захидал дундаас Хилларитай холбоотой захидлуудыг ялгах, ангилах ажлыг хийж байгаа бөгөөд эцсийн хариулт гараагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: Баярлалаа Хума, сайн ажиллалаа   
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй