Шууд Chart

Чой Сун Сил өөрт нь тулгаж байгаа хэргүүдийг үгүйсгэлээ

2016-11-01 16:35:08

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой дуулиан шуугианы эзэн Чой Сун Сил өчигдөр өөрийн биеэр байцаалт өгч эхэлсэн ч түүнд тулгаж байгаа хэргүүдийг үгүйсгэсэн байна. Одоогийн байдлаар түүнийг түр хорьж саатуулаад байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээр дамжуулан төрийн хэрэгт шууд бусаар оролцсон гэж буруутгагдаж байгаа Чой Сун Сил өчигдрөөс олон нийтийн өмнө ил гарч, прокурорын газарт мэдүүлэг өгч эхэлсэн. Тэрбээр сэтгүүлчдийн өмнө ил гарахдаа “Үхэх гэм нүгэл үйлдсэн. Намайг өршөө” гэж Солонгосын ард түмнээс уучлал ирж байсан бол прокурорт мэдүүлэг өгөхдөө түүнд тулгаж байгаа хэргүүдийг үгүйсгэжээ.

Чой Сун Сил хэдэн цагийн турш байцаагдахдаа сэтгэл санааны байдал нь тогтворгүй байжээ. Мөн Солонгост байнга оршин суудаг хаяг байдаггүй, ихэвчлэн гадаад руу гараад явчихдаг учир түүнийг байцаалтаас оргон зайлж, нотлох баримтуудаа устгах юм уу өөр ямар нэгэн болчимгүй алхам хийж болзошгүй гэж үзэн түр хорьж саатуулсан байна.

Холбогдох албаныхан 48 цагийн дотор түүнийг баривчлах зөвшөөрлийг шүүхээс авахаар төлөвлөж байгаа тухай Солонгосын хэвлэлүүд уламжилж байна. Хэрвээ түүнд тулгаж байгаа хэргүүд үнэн болох нь тогтоогдвол ямар ял оноох нь одоогоор тодорхойгүй байна.

Харин түүнтэй 40 жил нөхөрлөсөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн байр суурь ихээхэн ганхаж байна. Олон нийтийн дунд Ерөнхийлөгчийг огцор гэх шаардлага нэмэгдсэний зэрэгцээ сөрөг хүчнийхэн энэ тухай асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус хуралдааныг зарлах санал дэвшүүлээд байгаа. Мөн Пак Гын Хэ-г дэмжигчдийн хувь түүний бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч унаад байгаа нь Ерөнхийлөгч Пакийг хугацаанаасаа өмнө суудлаа хүлээлгэн өгөхөд нөлөөлж болзошгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чой Сун Сил өөрт нь тулгаж байгаа хэргүүдийг үгүйсгэлээ   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй