12 мянган оюутантай Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль гурван дотуур байртай. Эдгээр дотуур байрандаа номын сан байгуулах ажлыг оюутнууд өөрсдөө санаачлан, ажил хэрэг болгож чаджээ.
БСШУСЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд “Бүтээлч оюутны санаачлагыг дэмжих” төсөлд тус сургуулийн оюутнууд амжилттай оролцжээ. Оюутнууд сургуулийнхаа дотуур байранд номын сантай болох хүсэлтээ илэрхийлсэн төсөл бичиж гурван сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Дотуур байрандаа жишиг номын сантай болгох энэ ажил дөнгөж 30 хувьтай байгаа ч оюутнууд нь номын сангаа хэдийнэ ашиглаад эхэлжээ. Анагаахын номууд олдоц багатай, зарим номыг зөвхөн номын сангаар дамжуулан унших боломжтой байдаг бол одоо дотуур байрандаа номын сантай болсноор оюутнууд олон цаг номын санд суухгүйгээр өрөөндөө хичээлээ давтаж, судалгаагаа хийх боломжтой болж байна гэж ярьж байлаа.
“Жишиг номын сантай дотуур байр” төсөл ирэх оны 5 дугаар сард хэрэгжиж дуусна. Ингэснээр оюутнуудын сурлагын амжилтад эерэгээр нөлөөлөх болно гэдэгт итгэлтэй байна. Мөн ийм номын сантай болох гэж байгааг нь сургуулийнх нь эрдэмтэн багш нар талархан дэмжиж байгаа болохоор өөрсдийн бичсэн болоод олдоц муутай мэргэжлийн номнуудыг хандивласаар байгаа ажээ.
| Оюутны дотуур байр анх удаа номын сантай болно | ||
| Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.