Шууд Chart

Бразилд оюутнууд боловсролын салбарын шинэтгэлийг эсэргүүцэж байна

2016-11-03 10:19:31

Бразил улсан Ерөнхий боловсролын  болон их, дээд  сургуулийн оюутан, сурагчид боловсролын  салбарын  санхүүжилт  буурахад хүрэх Засгийн газрын санаачилгыг эсэргүүцэн жагсаж байна. 

Оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэн 300 гаруй сургуулийн хаалгыг  хааж зогсоцгоосон  байна. Үүнээс болж  119 мянган  хүн  их, дээд  сургуульд  элсэн  ороход  шаардагддаг элсэлтийн нэгдсэн шалгалтыг  хугацаанд  нь өгөх боломжгүй болж байгааг  тус улсын боловсролын яамнаас мэдэгдэж байна. 

Тиймээс  зарим  сургуульд энэ сарын 5-6-ны  хооронд болох байсан  элсэлтийн шалгалтыг ирэх сарын 3-4 болгон хойшлуулжээ.  Бразилийн  Ерөнхийлөгч  Темер  төрийн  зардлыг  бууруулах тухай  нэмэлт өөрчлөлтийг  боловсруулж парламентад  өргөн барьсан  юм.

Бразилийн  депутатууд  энэ нэмэлт өөрчлөлтийг  нь  эхний  хэлэлцүүлгээрээ  баталсан  байна. Энэ  хуулийн төслийн дагуу ирэх 20 жилд төв Засгийн газрын  суурь  зардлын  хэмжээ өнгөрсөн оны  инфляцийн түвшнээс давах  ёсгүй гэж тусгаж өгсөн байна.

Одоо  нэмэлт өөрчлөлт бүхий хуулийн төслийг  Холбооны  сенатаар хэлэлцүүлэх бөгөөд энэ  оны эцэс гэхэд  батлуулахаар  төлөвлөж  байна. Төрийн зардалд хязгаар  тогтоох  Үндсэн хуулийн өөрчлөлт нь Бразилийн  Ерөнхийлөгч Темер болон түүний эмхлэн байгуулсан Засгийн газрын  эдийн засгийн гол санаачилгуудынх нь нэг юм.  Харин  сөрөг хүчнийхэн  энэ нэмэлт өөрчлөлтийг  баталснаар  боловсрол, эрүүл мэнд,  нийгмийн хангамжийн  салбарын санхүүжилт  буурч, бага, дунд  орлоготой хүн  амд сөргөөр  нөлөөлнө гэж үзэн эсэргүүцэж байгаа юм.

Урьдчилан  тооцоолж  байгаагаар  Бразилийн төсвийн  алдагдал  энэ  оны  эцсийн дүнгээр  48.7 тэрбум  америк доллартай тэнцэх хэмжээнд  хүрэхээр  байгаа юм байна. Энэ үзүүлэлт буурахгүй бол 1997 оноос хойших хамгийн  өндөр  алдагдалд  тооцогдохоор  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд оюутнууд боловсролын салбарын шинэтгэлийг эсэргүүцэж байна   
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй