Хятадын удирдагч Си Зиньпин Тайванийн сөрөг хүчний удирдагчийг Бээжин хотноо хүлээн авч уулзахдаа "Нэг Хятад" бодлого онцгой чухал болохыг тэмдэглэн хэлсэн байна. Тэрбээр Тайванийн хоолойн хоёр эргийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг ч онцолжээ.
Тайванийн сөрөг хүчин болох Үндэстний намын тэргүүн Хун Сючжу Бээжин хотод айлчилж байгаа бөгөөд Хятадын удирдагч Си Зиньпин түүнийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Хятадын удирдагч Тайванийн хоёр эргийн ард түмэн "Нэг Хятад" зарчмыг өргөнөөр дэмждэгийг тэмдэглэн хэлсэн байна.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь тусгаар тогтнолыг дэмжигч Ардчилсан дэвшилтэт намын дарга бөгөөд тэрбээр энэ зарчмыг хүлээн авахаас татгалздаг хүмүүсийн нэг юм. Харин Хятадын удирдагч Си Зиньпин Тайванийн сөрөг хүчний удирдагчийг хүлээн авч уулзсан нь Цай Инвэньд шахалт үзүүлүүлэх гэсэн зорилготой гэж "Эн Эйч Кэй" тэмдэглэж байна.
Тайванийн Үндэстний намын тэргүүн Хун Сючжу энэ уулзалт дээр Хятад Тайванийн хурцадмал харилцааг албан ёсоор эцэс болгохын тулд энхийн гэрээ байгуулах санаачилгыг дэвшүүлсэн байна. Тэрбээр Тайванийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнөөс болж үймээн дэгдэхээс зайлсхийж, Тайванийн хоолойн хоёр эргийн хөгжил цэцэглэлтийг хамгаалахын тулд "Нэг Хятад" зарчмын ойлголтыг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа ч илэрхийллээ.
| Си Зиньпин "Нэг Хятад" бодлого онцгой чухлыг онцлон тэмдэглэлээ | ||
| Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.