Умард Солонгосын эрх баригчид ойрын хугацаанд дахин Мусудан ангиллын дунд тусгалтай баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байна. Энэ тухай "Фокс Ньюс" телекомпани мэдээлсэн юм.
Энд тэмдэглэснээр дээрх мэдээллийг тагнуулын сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцсан Америкийн дээгүүр албан тушаалтнууд баталсан байна. "Фокс Ньюс"-ийн эх сурвалжууд Умард Солонгос дахин туршилт хийхээр төлөвлөж байгааг хиймэл дагуулуудаас авсан зургууд дээр үндэслэсэн болохыг мэдэгдсэн байна. Гэхдээ тэд тэр зургууд дээр чухам юу буусныг тодорхой мэдээгүй байна.
Хэрэв үнэхээр Умардууд баллистик пуужингаа туршвал энэ нь он гарснаас хойш хийж байгаа 9 дэх туршилт болох юм. Мусудан пуужингийн тусгал нь 3 мянга орчим км юм. Энэ пуужингийн тусламжтайгаар Гуам арал дээрх Америкийн цэргийн баазад цохилт өгөх боломжтой гэж шинжээчид үздэг. АНУ-ын зэвсэгт хүчний стратеги командлалын газраас өнгөрсөн сарын 19-нд мэдээлэхдээ тус газрын системүүд Умард Солонгосын Кусон хотоос холгүйхэн пуужин харвасан нь амжилтгүй болсныг илрүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.
Америкийн цэргийн шинжээчид тэр пуужин нь Мусудан байсан гэж таамаглаж байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөл Пхеньянд ийм туршилт хийхийг нь хориглосон байдаг. Хэрэв дахин туршилт хийвэл тус улсын эсрэг авсан хоригоо чангатгах хариу арга хэмжээ авахаа ч илэрхийлсэн. Гэвч Умардын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгийн хоригийг үл тоон пуужингийн болон цөмийн туршилт хийсээр байгаа юм. Тиймээс сүүлийн үед НҮБ-ын гишүүн орнууд тус улсын эсрэг авсан хоригийг чангатгах тогтоолын төслийг идэвхтэй хэлэлцэж байна.
| Умард Солонгос дахин баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.