Тайландын өмнөд хэсэгт орших гурван мужид өчигдөр шөнө цуврал дэлбэрэлт, галдан шатаалт, буудалцаан болсны уршгаар наад зах нь гурван хүн амь насаа алдсан байна.
Сонгкхла, Паттани, Наратхиват мужид өнгөрсөн шөнө 12 хэрэг гарсан байна. Сонгкхла мужид л гэхэд бүлэг этгээд авто машины дэлгүүрийн хоёр худалдагчийг буудан хороож, улмаар тэсрэх төхөөрөмж дэлбэлжээ. Паттани мужид зэвсэглэсэн бүлэг этгээд Засгийн газрын цэргүүдийн байрлал руу галласнаас болж нэг цэргийн албан хаагч амиа алджээ.
Мөн орон нутгийн бензин түгээх станциудад ч дэлбэрэлт болсон байна. Хүчирхийлэл ийнхүү гаарах болсон нь Засгийн газар салан тусгаарлагчидтай яриа хэлэлцээ хийхийг чармайж эхэлсэнтэй холбоотой гэж орон нутгийн хэвлэлүүд таамаглаж байна.
Өчигдөр энэ бүс нутагт Тайландын өмнөд нутгийн шашны тэргүүн нартай уулзахаар Засгийн газрын төлөөлөгчид очсон байна. Паттани, Яла, Наратхиват мужид сүүлийн 11 жилийн туршид салан тусгаарлагчид зэвсэгт ажиллагаа явуулж байгаа юм.
Тэд Тайландын өмнөд нутгийг мусульманчуудын тусгаар улс болгохын төлөө ийнхүү Засгийн газрын эсрэг тэмцдэг юм. Салан тусгаарлагчдын энэ хүчирхийлэл, тэмцлээс болж энэ бүс нутагт 6500-аад хүн амиа алдсан байна.
| Тайландын өмнөд мужид болсон үймээнээс болж, 3 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.