Шууд Chart

Английн нэрт тамирчин Рио Фердинанд 1978 энэ өдөр мэндэлжээ

2016-11-07 08:01:15

Английн алдарт хөлбөмбөгч, шигшээ багийн нэгэн цаг үеийн тод од Рио Гэвин Фердинанд 1978 оны энэ өдөр буюу 11-р сарын 7-нд гэрэлт хорвоод мэндэлжээ. Английн нийслэл Лондон хотын унаган хүү тэрээр төрөлх хотын "Уэст Хэм Юнайтед" клубт 1992 онд буюу 14 насандаа элссэнээр ирээдүйн арвин амжилтынх нь гараа эхэлсэн түүхтэй. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр өөрийн байрлал дээрээ багаасаа бусдаас ялагрсан гоц авьяаслаг нэгэн байсан.

Улмаар 18 насандаа "Уэст Хэм" клубын үндсэн багт дуудагдаж, эрч хүчтэй, шийдэмгий, дайчин тоглолтоороо өөрийгөө дэлхий нийтэд харуулж чадсан. "Bournemouth", "Leeds United" гэсэн Английн багуудад тоглож байсан тэрээр 2002 онд Английн алдарт "Mанчестер Юнайтед" клубт 30 сая фаундын үнээр нэгдсэн нь түүний ирээдүйн арвин амжилтын эхлэл болсон юм. Английн "Улаан чөтгөрүүд"-ийн төлөө тэрээр албан ёсны 455 тоглолтод оролцсон бөгөөд Английн "Премьер лиг"-т 6 удаа, "Лигийн цом"-д 3 удаа, "Community Shield"-д 6 удаа, ЕХХ-ны "Аваргуудын лиг" болон ОУХБХ-ны клубуудын ДАШТ-д тус тус нэг удаа түрүүлсэн амжилттай.

Английн шигшээ багтаа Фердинанд 1997 оноос эхлэн 2011 оныг хүртэл тоглохдоо албан ёсны 81 тоглолтод оролцсон. Энэ хугацаанд тэрээр шигшээ багийн ахлагчийн туузыг хүртэл эзэмшиж байсан юм. "Mанчестер Юнайтед" клуб болоод Английн шигшээ баг төдийгүй дэлхий хөлбөмбөгийн спортын түүхэн дэх шилдэг хамгаалагчдын нэг Рио Фердинандын 38 насны төрсөн өдөр ийнхүү 11-р сарын 7-ны энэ өдөр тохиож байгаа юм байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Английн нэрт тамирчин Рио Фердинанд 1978 энэ өдөр мэндэлжээ  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй