М.Цэрэнжав: Тод манлай уяач Д.Онон ах “Хүн болгоны хүсээд ч ирдэггүй амжилтыг миний дүү үзүүллээ дээ” гээд үнсэхэд нь хачин их урам авч билээ
Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход зургаахан хоног үлдлээ.
Энэ цаг үед хурдан морины уяа сойлго жигдэрч, хүчит бөхчүүдийн ир ханаж, эрхийн мэргэн харваачдын сум байндаа тусч, нэг ёсондоо наадмынхаа өдрийг тэсэн ядан хүлээх авай.
Манай сайтын сурвалжлах хэсэг уламжлал ёсоор уяач, бөхийн галаар саатаж сурвалжлага бэлтгэсэн билээ.
Энэ удаа уяачдын галын сурвалжлагаа уншигч танаа хүргэе.
Нийслэл хотоос 60 орчим км зайд буюу Төв аймгийн Сэргэлэн сумын өмнө цэлийх Өлзийтийн аманд хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж байгаа "Босоо хүлэг" галын тэргүүн, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Дашдоржийн Мөнхбатын хүү Монгол Улсын алдарт уяач цолны болзол хангаад буй Цэрэнжавынхыг зорин очлоо. 2014, 2019 онд шилдэг залуу уяач болсноос гадна үг дуу цөөнтэй, аль нэг телевиз, сонин, сайтад ярилцлага өгөөд байхгүй болохоор нь уншигчиддаа танилцуулах үүднээс ийнхүү сонгосон хэрэг.
Биднийг очсон өдөр буюу өчигдөр (2020.07.04) дунд сунгаан болсон тул бид хотоос эртхэн гарч, ногоон тал дундуур төмөр хүлгээр довтолгов.
Энэ жил ялангуяа Улаанбаатар орчмоор бороо хур элбэг орж байгаа тул газрын гарц харьцангуй эрт тэнийжээ. Тиймээс уяачид ч отроос адуугаа эрт авч ирсэн бололтой.
Биднийг Өлзийтийн амны зүүн хөтлөөр өнгийж давахад бараг бригадын наадам болж байна уу гэмээр олон морь уяж буй 5-6 гэр харагдана.
Тиймээс замын хүнээс хэнийхийг нь лавлахад Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийнх гэнэ. Уяан дээр нь 200-гаад морь багширна.
Харин тэдний баруухан талд нь Зуунмод сумын харьяат, аймгийн алдарт уяач Ш.Эрдэнэбатынх аж. Мөн л уяа дүүрэн морьд сойж байна. Өнгө өнгийн дээлтэй хүмүүс уяаныхаа эхэнд сууж, арц хүж уугиулж сан тавьж байгаа аятай харагдана. Үүгээрээ дунд сунгаандаа хөдлөх гээд бэлтгэж байгаагийн илрэл болов уу.
Харин тэднийхтэй саахалт орших гурван гэр бол бидний зорин очих С.Цэрэнжавынх. Нас залуу ч хурдан морины амжилтаараа үеийнхнээсээ дээгүүрт эрэмбэлэгдэх тэрбээр биднийг гэрийнх нь гадаа зогсоход мэнд ус мэдэлцэж, гэрт орохыг урив.
Эхнэр нь “Дээшээ сууна уу” гэхийн зэрэгцээ халуун цай аягалж, тавгын идээ өмнө тавина. Харин гэрийн эзэн гарч орох бүрдээ туслах уяач бололтой залууд болон уралдаанч хүүхдүүддээ оногдсон оногдсон ажлынх нь үүргийг өгнө. Тэр байдлаараа сунгаандаа явах гээд яарч байгаагаа илтгэж байсан юм.
Тиймээс бид зорьсон ажилдаа яаравчлан орж, ярилцлагаа эхэлсэн юм.
Улаанбаатараас гарахдаа түүний талаар бага ч гэсэн мэдээлэл цуглуулах гэсэн боловч телевиз, сонин, сайтад ярилцлага огт өгч байгаа юм билээ. Тиймээс энэ тухай өөрт нь хэлэхэд “Харин тийм. Би чинь ярилцлагаас зугтаадаг хүн шүү дээ” гэхэд эхнэр нь хажуунаас нь “Сэтгүүлчид ярилцлага авъя гэхээр үгүй гээд байдаг юм. Ямар мэдэхгүй юмных нь талаар яриулах гэж байгаа биш” гээд даруухан инээлдэж байв.
Ингээд бидний яриа эхэлсэн юм.
-Энэ жилийн наадамд та хэдэн морь уяж байна вэ?
-30 гаруй морь уяж байгаа. Найз нөхөд, хамаатан садангийн хүмүүс ч цөөхөн хэдэн морь уяуулж байна. Улсын баяр наадамд айрагдах болов уу гэж горьдож байгаа нь шуурган хүрэн азарга маань байна. Өнгөрсөн жил Монголын бурхан шашны гурван зулын нэг ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, “Хангайн бүсийн хурд-2019” даншиг наадам Баянхонгор аймагт болоход түрүүлсэн юм. Энэ жил ч гэсэн уяа сойлго нь аятайхан таарч байх шиг байна. Мөн цоохор морь маань гайгүй л байх шиг байна. Ер нь тэгээд уралдаанч хүүхэд, уяач хүний тухайн өдрийн од гийсэн нь түрүү, айраг амсдаг гэдэг дээ.
-Бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хэдэн хэдэн морь танай уяан дээр харагдаж байна. Энэ талаар тодруулна уу?
-Тийм ээ. Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд хонгор халзан морь маань соёолон насандаа, бор хязаалан шүдлэндээ, хээр шүдлэн даагандаа тус тус айрагдсан.
-Энэ жил морьдоо хаана уралдуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хагасыг нь улсын баяр наадамд, хагасыг нь Төв аймгийнхаа наадамд уралдуулахаар төлөвлөж байна. Бүсийн наадмуудын тов одоогоор гараагүй байгаа тул чимээ чагнаад л сууж байна даа.
-Таны аавыг тод манлай уяач Д.Мөнхбат гэдэг. Тэгэхээр та мэдээж бага байхын л адууны дэргэд өссөн байх ...
-Тийм шүү. Хар багаасаа л аавынхаа уясан морийг унаж, туслах уяач шиг нь хүртэл болж байлаа. Сумынхаа дунд сургуульд дөрөвдүгээр анги хүртлээ сурч байгаад малчин болох гээд сургуулиасаа гарчихсан.
-Бие дааж морь уясан жил гэвэл хэзээ вэ?
-2014 он юм. Ардын хувьсгалын 93 жилийн ой тохиож байлаа. Тэр жилийн улсын баяр наадамд А.Амарбат ахын хул морийг уяж, түрүүлгэсэндээ одоо болтол бахдалтай явдаг. Тэр морийг тод манлай уяач Д.Хишигжаргал ах Гонгоржав гэдэг хүнээс худалдаж авсан хэдий ч дараа нь Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбат ахад бэлэглэсэн юм билээ. Тэр жилээс А.Амарбат ах хурдан моринд орж байсан цаг. Намайг “Ахынхаа морины уяа сойлгыг нь тааруулаад өгөөч” гээд ирэхэд нь улсын наадамд тэгж түрүүлгэж, итгэлийг нь сайхан хариулсан даа.
А.Амарбат хул мориныхоо хамт. Уяа сойлгыг нь М.Цэрэнжав тааруулсан юм.
-Тэр жил та “Шилдэг залуу уяач” болж байсан санагдана ...
-Тийм. Дээрх амжилтаараа уг шагналын эзэн болсон юм. Ер нь ялангуяа их насны морь төрийн баяр цэнгэл наадамд түрүүлгэнэ гэдэг амаргүй ажил гэдэг юм. 10 жил сойгдсон шигшмэл “унага” уралдаж байна л гэсэн үг. Ямар сайндаа тод манлай уяач Д.Онон ах “Хүн болгоны хүсээд ч ирдэггүй амжилтыг миний дүү үзүүллээ дээ” гээд үнсэхэд нь би хачин их урам авч билээ. Манайхан тэр жил Бухан сэрүүнд саахалт бууж морьдоо уяж байсан юм.
-2014 онд Д.Онон гуайн морьд ямар байсан бэ?
-Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал морь сайн байсан. Тэр морийг Д.Онон ах уяж байсан юм. Улсын наадамд түрүүлгэнэ л гэж сойж байсан байх. Гэхдээ сунгаануудад манай хул морь арай л зайтай түрүүлж байсан бол загал морь аман хүзүүнд ирдэг байсан юм. Тэгээд улсын наадамд минийх түрүүлж, загал морь айргийн гуравт давхиж байлаа.
-Өнгөрсөн жил та мөн “Шилдэг залуу уяач” болсон байх аа ...
-Тийм. Нийтдээ хоёр удаа болж байгаа юм. Булган аймгийн бүсийн наадамд найман түрүү, айраг хүртсэн амжилтыг минь ММСУХ тийнхүү үнэлсэн.
-Одоогоор та улс, бүсийн наадмаас хэдэн түрүү, айраг хүртээд байна вэ?
-10 гаруй болсон. Улсын алдарт уяач цолны болзол найман түрүү, айраг байдаг.
-Таны адууны үндсэн угшил хаанах вэ?
-Аавын маань өсгөж бий болгосон унаган адуунууд л байна. Харин манай уяанд нэгдсэн зарим хүний морьдын ихэнх нь зүүн зүгийнх болоод байна.
-Энэ цоохор морь их содон харагдаад байгаа. Наадмуудад хэрхэн хурдалж байсан бэ?
-Улс, бүсийн наадамд арай айрагдаагүй. Дүнжингарав болон бүсийн ганц нэг уралдаанд 10 орчимд л ирдэг. Цаг нь болохоор торгон жолоогоо өргүүлэх байх аа. Энэ адууг унага байхад нь ММСУХ-ны тэргүүн “Симба” Ц.Батсайхан ах манай хүүг мэндлэхэд бэлэглэж байсан юм.
-Танайх энд буугаад нэг их удаагүй бололтой. Гэхдээ жил бүр энд зусдаг юм уу?
-Үгүй ээ. Дорнод аймгийн Матад суманд адуугаа оторлож байгаад Хэнтий аймгийн ойролцоох Цагаан усны хоолойд морьдынхоо уяа сойлгыг тааруулсан. Харин энд ирээд хэдхэн хонож байна. Ногоо хаана сайхан ургасан байна тэнд л буудаг даа. Өнгөрсөн жил л гэхэд 61-ийн гарамны ойролцоо ханаа шийрлэсэн.
-Өнөөдөр дунд давхил буюу хамгийн чансаатай сунгаан болох гэж байна. Энэ хавьд нэг насанд хэчнээн морь уралдаж байна вэ?
-Аав, ах, аймгийн алдарт уяач Ш.Эрдэнэбат ах бид дөрөв 61-ийн гармын ойролцоо тусдаа давхилаа хийгээд байгаа. Манайхан саахалт буучсан болохоор амар байдаг юм аа. Ер нь энэ хавийн уяачид бүгд нийлбэл нас тус бүрд 100 нэлээн гарах шинжтэй. Тусад нь цөөхүүлээ нь уралдуулбал хүүхэд, моринд ямар нэгэн төвөг байхгүй амар байдаг юм. Бид дөрөв нийлж уралдуулахад л нас тус бүрд 40 орчим болж байна шүү. Тэгэхээр энэ хавийн сунгаан ямархан чансаатай болдог нь анзаарагдаж байгаа биз. Их давхил 7,8-нд болно. Тэгээд л наадамдаа уралдана даа.
Уяачид дунд сунгаандаа морьдоо уралдуулахаар 61-ийн гарам руу хөдөллөө.
-Танай гэр бүлийн хүн ёстой л морины хоббитой бүсгүй бололтой юм билээ ...
-Тийм. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Батхуяг гэдэг хүний охин. Миний ханийг Б.Мягмарсүрэн гэдэг. Манай хүн уламжлалын эмч мэргэжилтэй. Бид хүү, охин хоёртой. Хүү маань морь унах дуртай. Харин охин маань арай л балчир байна. Гэхдээ морь яриад л байгаа. Өвөрхангай аймгийн шигшмэл хурд шалгаруулах бүсийн уралдаанд би морио уралдуулахаар очих үедээ эхнэртэйгээ танилцаж байлаа. Тухайн үед манай хүн БНХАУ-д сурч байгаад төгсч ирээд, нутагтаа ажиллаж байсан юм билээ. Наадам дөхөхөөр манай эхнэр бараг надаас илүү догдолно. Мөн уралдаан хүүхдүүд, уяачдыг халуун хоол, цайтай, ая тухтай байлгахаас эхлээд миний арын албыг хариуцаж байдаг даа.
-Энэ жилийн баяр наадам үзэгчгүй болохоор тогтсон. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Үзэгчгүй байна гэхээр сонин л санагдаад байгаа юм. Гэхдээ энэ аюулт өвчин дэлхий дахинаа тархаад байгаа болохоор төрийнхөө шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй л дээ.
-Уралдаанч хүүхдүүдэд маск зүүлгэхээр болсон. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Харин тийм гэсэн. Маск зүүсэн хүүхдүүд олон морины уур амьсгал дунд давхихаар амьсгаа нь давчдаад хэцүү л болох байх. Нөгөөтэйгүүр маскандаа түүртээд самбаачлах арга нь ч муудах болов уу. Ялангуяа хурдны морь олон жил унаагүй хүүхдүүдэд бүр хэцүүднэ байх даа.
-Ярилцсанд баярлалаа.
М.Цэрэнжав: Тод манлай уяач Д.Онон ах “Хүн болгоны хүсээд ч ирдэггүй амжилтыг миний дүү үзүүллээ дээ” гээд үнсэхэд нь хачин их урам авч билээ | ||
Үзсэн: 7627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.