![](/uploads/201611/news/thumb/31ff2d5a35154ff110c8961fc21d9171_x3.jpg)
3.748.925 еврогийн шагналын сантай АТP буюу эрэгтэйчүүдийн мэргэжлийн талбайн теннисний холбооны 1000 онооны чансаа олгох “Парибас Мастерс” тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдэг 48 теннисчин ур чадвараа сорин өрсөлдөж, ялагчаа тодрууллаа. Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн 10-р сарын 29-ний өдөр эхэлсэн энэ тэмцээний шигшээ шатанд өрсөлдөхөөр Их Британийн алдарт тамирчин, дэлхийн чансааны 2-рт эрэмбэлэгдэж байгаа Энди Мюррэй, дэлхийн чансааны номер 19, АНУ-ын шилдэг тамирчин Жон Иснер нар шалгаран үлдээд байсан. Дэлхийн шилдгүүдийн тоглолт 3 үеийн турш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, 6-3, 6-7, 6-4-ийн харьцаатай Энди Мюррэй хожлыг авсан юм. Ингэснээр тэрээр “Мастерс” ангиллын 14 дэх тэмцээндээ түрүүлж байгаа бөгөөд энэ жилийн 8 дахь аваргын цомоо хүртлээ.
Өнгөрсөн зун 2012 оны Лондоны олимпийн амжилтаа дахин бататгаж “Рио-2016” зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дахин аваргын алтан медалийг хүртсэн тэрээр 2005 оноос мэргэжлийн ангилалд тоглосон. Их Британийн бахархал болсон теннисчин энэ хугацаанд 625 тоглолтод хожиж, 174 удаа хожигдсон гэсэн шилдэг амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд нийт 43 цомыг хүртээд байна. АТP-н “Парибас Мастерс” тэмцээнд Энди Мюррэй ийнхүү түрүүлсэнээр өөрийн чансаанд 1000 оноог нэмж, сүүлийн жилүүдэд талбайн теннисний спортод өөрийн ноёрхлоо тогтоогоод байсан Сербийн алдарт Новак Жоковичийн урд нь гарч чадсан юм. Ингэснээр тэрээр анх удаагаа дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Энди Мюррэй дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.