Өнөөдөр АНУ-ын Чикаго хотын "Юнайтед Центр"-ийн мөсөн талбайд алдарт “Чикаго Блэкхокс”, “Даллас Старс”-ын эсрэг шинэ улирлын 13 дахь тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын өмнө мэргэжлийн Бейсболын Дэлхийн Цомын тэмцээнд 108 жилийн дараа гайхалтай эргэн ирэлтийг хийн түрүүлсэн "Чикаго Кабс" багийн хамт олон ордонд ирж, өөрийн хотынхоо хоккейн баг болон хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа хуваалцсан юм. Чикаго хотын шайбтай хоккейн багийн хувьд хамгийн сүүлд 2 жилийн өмнө буюу 2014-2015 онд лигийн аварга цолыг хүртсэн. Тэд 1 улирал өнжөөд аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ улирал аваргын төлөө өрсөлдөх өндөр магадлалтай баг хэмээн тооцогдож байна. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 90 дэх жилдээ тоглож байгаа Чикагогийн “Хар харцагууд” өнгөрсөн хугацаанд Стэнлийн цомыг 6 удаа хүртээд байгаа юм. Тэд энэ өдөр шилдэг тоглолтоо үзүүлж байсан ч Далласын залуус тоглолтын сүүлийн мөчид тооны харьцааг тэнцүүлж, үндсэн цагийн 60 минут 3:3-ын харьцаатай өндөрлөсөн. Улмаар нэмэлт цагийн 4 дэх минутад талбайн эздээс Мариан Госса хожлын шайбыг оруулж, багтаа ялалтыг авчирсан байна. 37 настай Словак залуу өнөөдөр 1 оновчтой дамжуулалт өгч, 1 гоолыг оруулсанаар ҮХЛ дэх өөрийн 1100 дахь оноогоо авсан. Чикаго өнөөдөр ийнхүү хожсоноор 6 дараалсан ялалтыг авч, 19 оноотой өрнөд бүсийг тэргүүлж байна.
Чикаго хотын “Хар харцагууд” өрнөд бүсийг тэргүүлж байна | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.