Уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ)-ий 2016/17 оны улирал 10-р сарын 22-нд Австри улсад эрэгтэйчүүдийн слалом ангиллаар эхлээд байсан юм. Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-ноос энэхүү нэр хүндтэй тэмцээнийг 1967 оноос эхлэн зохиосон түүхтэй бөгөөд 51 дэх жилдээ аваргуудаа шалгаруулах гэж байна. Энэ улирлын эмэгтэйчүүдийн уулын цанын ДЦАШТ-ий нээлтийн гараа Финлянд улсын Леви хотноо слалом ангилалд болж, дэлхийн шилдгүүд шинэ улирлаа амжилттай эхлүүлжээ.
Энэ улирлын эхний гараандаа Словак бүсгүй Петра Влхова тун хурдтай, гүйцэтггэл сайтай байж, эхний гараанд 56.48 секундын амжилтыг үзүүлсэн. Гэсэн ч 2 дахь гараандаа 56.98 секундын хугацаанд барианд орсоноор байр ухарч магадгүй болсон юм. Улмаар түүний араас Швейцарийн алдарт тамирчин Венди Холденер сүүлийн гараагаа хийлээ. Тэрээр нийт 2 гараанд өөрийн замыг 1 минут 53.38 секундын хугацаанд туулсан амжилтыг үзүүлж, нйилбэр дүнгээр уралдааныг хошуучлаад эхэлсэн. Тэгвэл эхний гараандаа 56.62 секундын хугацаанд хурдлаад байсан олимп, дэлхийн аварга, АНУ-ын алдарт тамирчин Микеала Шиффрин 2 дахь гараандаа 52.71 секундэд замыг туулж, энэ өдрийн хамгийн өндөр амжилтыг үзүүлсэнээр тус гарааг хошуучилсан юм. Уралдааны шилдгээр тодорсон Микеала Шиффрин нийтдээ 1 минут 52.71 секундын амжилтыг үзүүлсэн бол Венди Холденер тэргүүлэгчээс 0.67 секундээр хоцорч удаах байрт шалгарлаа. Харин Словак цаначин Петра Влхова 1 минут 53.46 секундын амжилтаар 3-р байрыг эзэлжээ.
Микеала Шиффриний хувьд өөрийн 21 дэх түрүүгээ ийнхүү авсан бөгөөд үүний 20-ыг нь слалом ангиллаар хүртсэн юм. Тэрээр 2015 оны 2-р сараас хойш оролцсон нийт 9 гараандаа бүгдэд нь тэргүүлээд байгаа юм. Өнгөрсөн улирал Шиффрин ДЦАШТ-ий слалом ангиллын цомыг хүртэж чадаагүй бөгөөд дэлхийн цуврал гарааны сүүлийн 5 уралдаандаа өвдөгний бэртлийн улмаас оролцоогүй юм. Гэсэн ч тэрээр ийнхүү дахин шагналын тавцны оргилд зогсож чадсан юм. Мөн энэ өдөр зул сарын баяр ойртсонтой холбогдуулан Леви хотын уламжлалт баярын шагналыг түүнд гардуулжээ.
Шинэ улирлын нээлтийн гараанд Микеала Шиффрин тэргүүллээ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.