Шууд Chart

"Мото GP" ангиллын дэлхийн аваргууд тодорлоо

2016-11-14 14:46:56

Олон улсын мотоциклын холбооны “Мото GP” ангиллын ДАШТ 68 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Мото GP” буюу "Мото Гран-При" ангиллын энэ улирлын сүүлийн гараа Испанийн Валенсиа хотод болж, уралдааныг зохион багуулагч орны тамирчин, өнгөрсөн жилийн аварга Хорхе Лорензо тэргүүлсэн байна. Өнгөрсөн 3-р сарын 20-ны өдөр Катарын Доха хотоо нээлтээ хийсэн энэ тэмцээнд нийт 11 багийн 29 тамирчин 8 сарын турш 18 гараанд уралдаж, ялагчаа тодруулах хуваарьтай байсан. Энэ оны сүүлийн буюу 18 дахь гараанд дэлхийн шилдэг 22 тамирчин гараанаас хөдөлж, нийт 30 тойргийн 4005 км замд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Энэ өдөр Гран-При ангиллын 250 дахь уралдаандаа оролцсон, дэлхийн 3 удаагийн аварга, “Ямаха” багийн тамирчин Хорхе Лорензо уралдааны нийт замыг хамгийн хурдан буюу 45 минут 54.228 секундын хугацаанд туулан барианд орж ирсэн. Ингэснээр 29 настай испани залуу энэ улирлын 4 дэх гараандаа өнгөлсөн юм. Лорензо энэ оны ДАШТ-ий эхний 6 гарааны гуравт нь тэргүүлээд байсан ч түүнээс хойш дахин түрүү авч чадаагүй байсан.

Лорензогийн нутаг нэгт тамирчин, “Хонда” багийн Марк Маркүйс энэ онд нийт 5 гарааны ялагчаар тодроод байсан. Тэрээр 2016 оны сүүлийн гараандаа тэргүүлэгчээс 1.185 секундээр хоцорч удаах байрт шалгарлаа. 23 настай энэ цаг үеийн шилдэг залуу тамирчин Маркүйс ийнхүү 2-р байрт орж, 20 оноог нэмэн авсанаар ДАШТ-д цуглуулсан нийт оноо нь 298 болсон. Энэ нийлбэр дүнгээрээ Марк Маркүйс бүх тамирчдыг оноогоор хол илүү манлайлж, 3 дахь удаагаа (2013, 2014, 2016) “Мото GP” ангиллын дэлхийн аваргаар тодорсон.

Нийлбэр дүнгээр буюу ДАШТ-ий 2-р байрт түүнээс 49 онооны дутуугаар “Ямаха” багийн Итали тамирчин Валентино Росси бичигдлээ. Тэгвэл түүний багийн хамтрагч Хорхе Лорензо аваргаа хамгаалж чадсангүй. Түүний хувьд 233 оноогоор 3-р байт эрэмбэлэгдсэн юм.

Энэ уралдаанд Италийн алдарт “Дукати Корсе” багаас 8 тамирчин хурд сорьсоноос Итали тамирчин Андреа Ианноне 3-р байрыг эзэлсэн байна. Түүнчлэн энэ удаагийн гарааны ялагч, дэлхийн 3 удаагийн аварга (2010, 2012, 2015) Хорхе Лорензо 9 жил хамт байсан “Ямаха” багаа орхиж, ирэх жилээс Италийн “Дукати” багт хүчин зүтгэхээр болоод байгаа юм.

 

Энэ өдөр мөн “Мото 2” ангиллын шигшээ уралдаан болж “Калекс” багийн Франц тамирчин Иоханн Зарко тэргүүлсэн байна. Тэгвэл “Мото 3” ангиллын шигшээ уралдаанд “КТМ” багийн Брэд Биндэр хошуучилж, энэ жилийн аваргаар тодоржээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Мото GP" ангиллын дэлхийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй