![](/uploads/201611/news/thumb/0744229c7a222a1f23e281ec155a78e8_x3.jpg)
ОУАМХ (Олон улсын авто машины холбоо)-ноос тэртээ 1950 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй авто уралдааны хаан гэгддэг “Формула 1” ангиллын 2016 оны ДАШТ (дэлхийн аварга шалгаруулах тэмцээн) өндөрлөх мөч хаяанд ирээд байна. Өнөө цаг үеийн хамгийн удаан хугацаанд үргэлжилж, ялагчаа тодруулдаг спортын төрөл бол "Формула 1" ангиллын ДАШТ юм. Энэ тэмцээн жил бүрийн оны эхэнд эхэлж, тамирчид орон орны зам дээр хурд сорьж, нийт 21 цуврал гараа явагдсанаар аваргаа шалгаруулдаг уламжлалтай. 2016 оны хамгийн сүүлийн гараа Абу Даби хотноо болж, 67 дахь улирлын ялагч тодорно. Харин үүний өмнөх буюу энэ оны 20 дахь гараа Бразилын Сан Паоло хотноо боллоо.
Энэ жилийн ДАШТ-д 24 нисгэгч оролцсон ч 2 нь уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болоод буй учраас “Бразилын Гран-При”-д дэлхийн шилдэг 11 багийн 22 нисгэгч гараанаас хөдөлж, нийт 71 тойрог замд уралдлаа. Тэднийг Их Британийн алдарт тамирчин, Германы “Мерседес” багийн Льюис Хамилтон тэргүүлж, гараа тус бүрийн ялагид олгодог 25 оноог өөрийн болгожээ. Өнгөрсөэн жилийн дэлхийн аварга Хамилтон нийт 305.909 км замыг 3 цаг 1 минут 1.335 секундын хугацаанд туулсан юм. Ийнхүү тэрээр сүүлийн 3 гараанд дараалан хошуучилж байгаа бөгөөд энэ оны эхний 20 гараанаас 9 түрүү хүртээд байна.
Дэлхийн 3 удаагийн аварга (2008, 2014, 2015) Льюис Хамилтон ийнхүү Гран-При тэмцээний 52 дахь түрүүгээ авч, алдарт Алаен Простын амжилтыг гүйцсэнээр шинэ дээд амжилтын эзэн боллоо. Түүний багийн хамтрагч, Герман нисгэгч Нико Росберг энэ өдөр тэргүүлэгчээс 11.455 секундээр хоцрон дэд байрт шалгарлаа. Ингэснээр тэрээр тэмцэээний дүрэм ёсоор гараа тус бүрийн 2-р байрт шалгарсан тамирчинд олгодог 18 оноог өөрийн болгож, уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин Нико энэ удаагийн гараанд түрүүлэн, 25 оноогоо авч чадсан бол 2016 оны дэлхийн аварга цолны болзлыг хангах байсан юм.
Нико Росберг 20 гарааны дараах байдлаар 367 оноотой болж, уралдааныг тэргүүлсэн хэвээр байгаа бол өнгөрсөн жилийн аварга Льюис Хамилтон түүнээс 12 оноогоор хоцорч, дэд байрт эрэмбэлэгдэж байна. Улмаар сүүлийн гарааны үр дүнгээс бүх зүйл шийдэгдэхээр боллоо. Энэ оны сүүлийн буюу 21 дэх гараа 11-р сарын 27-ны өдөр Абу Дабид болж, 2016 оны дэлхийн аварга тодрох юм. Энэ цаг үеийн шилдгүүдийн нэг Нико сүүлийн гараанд 3-р байраар барианд орж, 15 оноо авахад л анх удаагаа дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртэх боломжтой юм. “Бразилын Гран-При” тэмцээний 3-р байраар “Ред Булл” багийн Нидерланд тамирчин Макс Верстаппен барианд орж энэ өдөр мөн шагналын тавцанд гарсан байна.
2016 оны 20 дахь гараанд Льюис Хамилтон түрүүллээ | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.