Шууд Chart

Санкт-Петербург хотын дарга асанг авлигын хэрэгт буруутгав

2016-11-20 13:31:29

Хөл бөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор Санкт-Петербург хотын дарга асан Марат Оганесяныг авлигын хэрэгт буруутган тус улсын мөрдөн байцаагчид шалгаж эхэлжээ.

Санкт-Петербург хотын дэд даргын албан тушаалыг 2013-2015 оны хооронд хашиж байсан Марат Оганесяныг 69 мянган хүний суудал бүхий “Zenit Arena” хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнд нэгэн гэрээнээс 50 сая рубль завшсан хэрэгт сэжиглэн саатуулсан хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос энэ лхагва гарагт мэдэгдээд байна.

Мөн тус хотын одоогийн дарга Игорь Альбин өөрийн “Twitter” хуудсандаа “цэнгэлдэх хүрээлэнгийн нийт хохирол…700 сая рублийг давсан” хэмээн мэдэгдсэн юм. Санкт-Петербург хотын уг цэнгэлдэх хүрээлэнг барих ажил бараг 10 жил үргэлжилж байгаа бөгөөд 2018 оны дэлхийн аваргын хагас шигшээ тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Zenit Arena” цэнгэлдэх хүрээлэнгийн зардал 1 тэрбум ам. долларыг даваад байгаа нь түүхэн дэх хөл бөмбөгийн хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэнгийн нэг болоод байна.

“Zenit Arena” цэнгэлдэх хүрээлэнг энэ 12 дугаар сард ашиглалтад оруулах ёстой гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооноос үзэж байгаа юм. Учир нь уг цэнгэлдэх хүрээлэнд дараа жилийн “Confederations Cup” тэмцээнийг зохион байгуулахаар мөн төлөвлөөд байгаа юм. Уг цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой авлигын асуудлаас гадна зөвхөн сүүлийн 12 сарын хугацаанд цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад ажиллаж байсан 3 ажилчин нас бараад байгаа билээ.


Санкт-Петербург хотын дарга асанг авлигын хэрэгт буруутгав  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй