![](/uploads/201611/news/thumb/d1e18c5e2a2d862f41602407d39d2429_x3.jpg)
Өнөөдөр Хойд Америкийн мөсөн талбайд 6 тоглолт боллоо. Сүүлийн 2 тоглолтдоо дараалан хожоод байсан лигийн 6 удаагийн аварга алдарт “Чикаго Блэкхокс” улирлын 20 дахь тоглолтоо “Эдмонтон Ойлерс”-ын эсрэг хийлээ.
Канад улсын Эдмонтон хотноо болсон энэ тоглолтод талбайн эзэд шилдэг тоглолтоо үзүүлж, 3 үеийн турш өрсөлдөгчөө илүүрхэн тоглосон байна. Швед хамгаалагч Оскар Клефбом, Словак хамгаалагч Андрей Секера, Орос довтлогч Антон Слепышев нар тус бүр нэг гоолыг оруулсан бол Герман довтлогч Леон Драйзайтль 2 шайбыг хаалганд оруулж, Эдмонтон өрсөлдөгчөө 5:0-ийн харьцаатай хожсон. Энэ тоглолтын баатар, өдгөө 21 настай Герман довтлогч Леон Драйзайтль улирлын 20 тоглолтод бүгдэд нь оролцож, 6 гоол оруулан, 8 оновтой дамжуулалт өгөөд байгаа юм.
Түүний хувьд 2014 оны драфтын 3 дахь сонголтоор Эдмонтоны эгнээнд нэгдсэн бөгөөд энэ улирлаас багийнхаа довтолгоонд голлох байр эзлэх болсон. “Эдмонтон Ойлерс” багийн хувьд ийнхүү бүсийн хүчтэй өрсөлдөгчөө хожиж, 23 оноотой болсоноор өрнөд бүсийн 3-р байрт бичигдэж байна. Харин Чикаго хотын “Хар харцагууд” 13 хожсон амжилтаараа өрнөд бүсийг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
"Эдмонтон Ойлерс" 11 дэх ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.