Шууд Chart

Аваргууд 12 дахь хожлоо авлаа

2016-11-24 12:46:57

АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг буюу NHL)-ийн мөсөн талбай дахь өрсөлдөөн ширүүсч байна. Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Рейнжерс” баг "Madison Square Garden"-даа өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс”-ийн эсрэг улирлын 21 дэх тоглолтоо хийсэн байна.

Багууд 2 өдрийн өмнө буюу энэ сарын 22-нд Питтсбург хотноо тоглоход “Рейнжерс” 5:2-ын харьцаатай хожоод байсан. “Нью-Йорк Рейнжерс” өнөөдрийн тоглолтыг ч тун эрч хүчтэй эхлүүлж, Рик Нэш улирлын 9 дэх гоолоо оруулан гоолын салхийг хагалсан. Харин тоглолтын 2-р үе тэр чигтээ “Пингвинс”-ийн давамгайлал дор өрнөж, тэд 5 гоолыг оруулсан байна. "Оцон шувууд"-аас энэ үед Скотт Уилсон, Фил Кессел, Конор Шери нар нэг гоол оруулсан бол багийн ахлагч Сидней Патрик Кросби 2 шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн. 29 настай Канад довтлогч Сидней Кросби энэ улирал эхлээд 13 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулсан амжилтаараа лигийн бүх тоглогчийг тэргүүлж байна.

Тоглолтын 3-р үеийн төгсгөлд өнгөрсөн улирлын аваргуудаас Мэтт Каллен багийнхаа 6 дахь гоолыг оруулсан нь энэ тоглолтын эцсийн цэг байлаа. Тэгвэл тэдний өрсөлдөгч “Рейнжерс”-ийн хоккейчид “Пингвинс”-ээс илүү олон удаа буюу 23 удаа хаалганд цохисон ч дахин гоол оруулж чадаагүй юм. Майк Салливан дасгалжуулагчтай, Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Питтсбург Пингвинс” ийнхүү улирлын 20 дахь тоглолтдоо оролцож, 12 дахь хожлоо аван 27 оноотой болсоноор дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ. Харин 29 оноотой байсан "Рейнжерс" энэ бүсийн 2-р байрт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Аваргууд 12 дахь хожлоо авлаа  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй