Шууд Chart

Брент Бернс "Шаркс"-тай гэрээгээ сунгалаа

2016-11-24 13:41:24

Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг буюу NHL)-ийн “Сан Хосе Шаркс” багийн хамгаалагч Брент Бернс багтайгаа дахин 8 жилйин гэрээг байгуулсан байна. Тэрээр 2024-25 оны улирлыг хүртэл энэ багаас 64 сая америк долларын цалин авах юм. Бернс өнгөрсөн улирлын 82 тоглолтод бүгдэд нь талбайд гарч 27 гоол оруулан 48 удаа гоолын дамжуулалт өгсөн юм.

Энэ үзүүлэлтээс тэрээр “Сан Хосе Шаркс”-ын хамгаалалтын гол ноён нуруу болох нь бүрэн харагдаж байна. ҮХЛ-ийн холбооноос ч түүний амжилтыг нь үнэлэн өнгөрсөн улирал лигийн шилдэг хамгаалагчид олгодог “Norris Trophy” шагналыг Брент Бернсд гардуулан өгсөн. Түүнчлэн “Сан Хосе Шаркс” өнгөрсөн улирал анх удаагаа өрнөд бүсийн аварга болж, Стэнлийн цомын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдэхэд Бернсийн оролцоо хамгийн чухал байсан. Улмаар баг нь шигшээ цувралд 4:2-ын харьцаатай “Питтсбург Пингвинс”-д 6 тоглолтод хожигдсон ч Бернс хүчтэй тэмцлийг үзүүлсээр байсан юм. Мөн тэрээр хасагдах шатны (Playoff) 58 тоглолтод 12 гоол оруулж, 24 ашигтай дамжуулалт өгөн 36 оноо авсан нь лигийн ямар ч хамгаалагчийн үзүүлж чадаагүй амжилт юм.

Ингэж олон гоол оруулсан учир нь түүний тоглодог унаган байрлал нь довтлогчийн байрлал. Тиймээс эсрэг багийн довтлогчдыг сайн хамгаалахын зэрэгцээ багийн довтолгоонд маш идэвх санаачлагатай тоглож, талбайд хурд хүчтэй, чадварлаг тоглолтыг гарган, үргэлж маш чухал үүргийг гүйцэтгэдэг.

Өдгөө 31 настай лигийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч Брент Бернс анх 2003 оны драфтын 20 дахь сонголтоор АНУ-ын “Миннесота Уайлд” багт ирж байсан. Улмаар 2011 онд АНУ-ын Калифорни мужийн Сон Хосе хотын “Шаркс” багт ирсэн түүхтэй. Мэргэжлийн лигт 13 дахь улирлаа эхлүүлээд байгаа тэрээр өнгөрсөн 12 жилд “Сан Хосе Шаркс” болон “Миннесота Уайлд” багуудын хамтаар 816 тоглолтод 439 оноо (148 гоол, 291 оновчтой дамжуулалт) авчээ. ҮХЛ-ийн түүхт 100 дахь улирал буюу энэ жил Бернс “Аварга загасууд”-ын хамтаар лигийн 6 дахь улирлаа эхлүүлээд байгаа юм. Одоогоор улирлын эхний 19 тоглолтод бүгдэд нь оролцохдоо 7 гоол оруулж, 10 оновчтой дамжуулалт өгөөд байна.

Брент Бернс Канадын шигшээ багийнхаа хамтаар 2004 онд Залуучуудын ДАШТ-ээс мөнгө, 2008 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Улмаар 2015, 2016 онд шигшээ багийнхаа хамтаар шайбтай хоккейн спортын дэлхийн аварга, дэлхийн цомын аварга болж чадсан билээ. “Шаркс”-ын төдийгүй Канадын шигшээ багийн хамгаалатын салшгүй нэг хэсэг болсон тэрээр хамгийн сүүлд оролцсон олон улсын тэмцээн болох ОУХХ (Олон улсын шайбтай хоккейн холбоо)-ны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд л гэхэд 7 гоол оруулж, 9 гоолын дамжуулалт өгсөн билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Брент Бернс "Шаркс"-тай гэрээгээ сунгалаа  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй