Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн авлигын хэргийг тусгай прокуророор шалгуулахыг зөвшөөрсөн хуулийг Өмнөд Солонгосын Парламент батлаад байна. Тусгай прокуророор шалгуулах тухай хуулийг 300 суудалтай тус улсын парламентийн гишүүдийн 196 нь дэмжсэнээр батлагдсан юм.
Энэ долоо хоногт прокурорууд Ерөнхийлөгч Пакаас асуулт асуух байсан ч үүнд бэлтгэх хугацаа өгөхийг түүний хуульч хүсээд байгаа билээ. Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Пак нь дээрх хуульд гарын үсэг зурж баталгаажуулах, эсхүл хориг тавихад 15 өдрийн хугацаа байгаа юм. Хуулийн дагуу тусгай прокурорын баг нь 60 хүнээс бүрдэх бөгөөд үүний 20 хүртэлх нь улсын прокуророос байх юм. Улмаар парламентаас батлаад байгаа хуулийг Пак соёрхон баталбал тусгай прокурор уг хэргийг шалгахдаа 90 өдрийг зарцуулах бөгөөд энэ хугацааг 120 өдөр болгон сунгах нэг удаагийн боломж байгаа юм.
Ерөнхийлөгч Пак улсын прокурор дахь танил талаараа дамжуулан хэргийг замхруулж магадгүй хэмээн сөрөг хүчний улс төрчид хардаж байгаа билээ. Тусгай прокурор шалгаж эхэлбэл улсын прокурорын шалгах ажиллагаа шууд зогсох болно. Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаж буй олон зуун мянган Солонгосчуудын хувьд тус улсын түүхийн сүүлийн 30-аад жилд авлигын эсрэг хамгийн том жагсаал болж байгаа юм. Пакын бүрэн эрхийн хугацаа дуусахад 15 сар үлдсэн байгаа бөгөөд уг хугацаанаас өмнө албан тушаалаа өгвөл 60 өдрийн дотор сонгуулийг зохион байгуулах ёстой байдаг.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн авлигын хэргийг шалгахаар хууль батлав | ||
Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.