БНХАУ-д бизнес эрхлэхээр ажлын байрны шаардлага хангахгүй Хятадын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкны ажилд авсан гэх хээл хахуулийн хэргээ шийдвэрлэх зорилгоор АНУ-ын банк "JP Morgan Chase" 264 сая ам. долларын торгууль төлөхөөр болов.
Дээрх схемийг "бусдын нэрээр хээл хахууль өгөх" хэмээн АНУ-ын Хууль зүйн яам тодорхойлсон юм. Уг хэргийг АНУ-ын Хууль зүйн яам болон Үнэт цаас, хөрөнгийн биржийн хорооноос 2013 оноос шалгаж эхэлсэн байдаг. АНУ-ын Гадаад дахь авлигын эсрэг хуулийг зөрчсөнийхөө хариуд тус банк 130 сая ам. доллар, мөн Хууль зүйн яаманд 72 сая ам. доллар, Холбооны нөөцийн удирдах зөвлөлд 61.9 сая ам. долларын торгуулийг тус тус төлөхөөр болсон байна.
АНУ-ын компаниуд бизнесийн зорилгоор гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх явдлыг хориглосон Гадаад дахь авлигын эсрэг хууль нь хахуулийн эсрэг дэлхийн хамгийн чанга хуулийн нэг билээ. Гадаадын төрийн албан хаагчдын хүсэлтээр сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ 100 орчим ажилтанг хөлслөн авч ажиллуулсан нь тус банк 100 сая гаруй ам. долларын ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Үнэт цаас, хөрөнгийн биржийн хорооноос мэдэгдсэн юм.
"JP Morgan" 264 сая ам.долларын торгууль төлөхөөр болов | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.