Шууд Chart

Д.Загджав: “М.Энхболд намаа удирдаад явах чадвартай, бэлтгэгдсэн боловсон хүчин

2013-10-26 17:28:44

Монголын Үндэсний олон нийтийн MNB.mn сайт МҮОНР-ийн “Хурд” агентлагтай хамтран, долоо хоног бүр зочин урьж, нээлттэй, өргөн хүрээнд, дэлгэрэнгүй  ярилцаж, түүнийгээ уншигч, хэрэглэгчдэдээ хүргэж байхаар боллоо.
Эрхэм уншигч Та бүхэн хэний үнэн үгийг сонсох, хэний баримт нотолгоог өөрөөс нь сонсох, хэн нь хэн бэ гэдгийг мэдэх хүсэлтэй байгаагаа бидэнд “Таны үг” цэс руу орон үлдээж болох бөгөөд уригдсан зочны ярилцлагын доор сэтгэгдэл үлдээх хэсэгт бичих, эсвэл 70127055 утсаар хандан илэрхийлэх боломжтойг дуулгахад таатай байна.
Манай хамгийн анхны зочин УИХ-ын гишүүн асан, “Энхтайван найрамдлын төлөө” Монголын холбооны ерөнхийлөгч, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Загджав. Ингээд та бүхэн түүнтэй хийсэн ярилцлагад анхаарал хандуулна уу.

-Та “Энхтайван найрамдлын төлөө” холбооны ерөнхийлөгчийн албыг хүлээн аваад багагүй хугацаа өнгөрлөө. Тус холбооны үүрэг, зорилго, үйл ажиллагааны талаар иргэд төдийлөн ойлголт багатай байх юм?

-Өнгөрсөн хавар Энхтайван найрамдлын байгууллага ээлжит чуулганаа хийж намайг ерөнхийлөгчөөр сонгосон.  Энх тайван найрамдлын байгууллага 55 жилийн түүхтэй, гишүүнчлэлтэй, найрамдал энхтайвны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, төрийнхөө гадаад бодлогыг дэмжиж, зарим нөхцөлд улс төрд хамтарч ажилладаг, олон түмний оролцоотой байгууллага юм. Энхтайвны үйл хэрэг гэдэг их гэгээлэг сайхан ажил. Үүнд иргэд та бүхэн идэвхийлэн оролцож анхаарлаа хандуулан хамтарч ажиллах ёстой юм шүү.

-Энхтайван найрамдлын ордны байр болон эзэмшлийн талбайн асуудал тулгамдсан асуудлуудын чинь нэг гэж сонссон. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна?   
-Энхтайван найрамдлын ордны цогцолбор гэдэг нэрийн дор өмнөх талбайд нь барилга барьсан. Энэ асуудал манай холбооны үйл ажиллагаанд тодорхой хэмжээний асуудал үүсгэж байгаа нь үнэн. Мөн Энхтайван найрамдлын ордныг намайг ирэхийн өмнөхөн нэг тэрбум төгрөгөөр худалдчихсан байсан. Тиймээс дэмжигч, идэвхтнүүд гишүүд маань надад энэ шударга бус явдлыг зогсоож ордныг буцааж аваарай гэж захисан. Ордонг худалдах үйл ажиллагаа хийгдэж дуусаагүй байсан болохоор Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гаргаж судалгаа хийсэн. Тэгээд шалгалтын хэсгийн дүнг хэлэлцэж, гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлэсэн өмнөх гэрээг хүчингүй болгосон. Яаж ч бодсон энэ ордонг үлдээх болов уу гэж хуулийн байгууллагынханд найдаж байна.

-Энхтайваны төлөө байгууллагын хэтийн болоод ойрын зорилгын талаар та мэдээлэл өгөөч?
-Монголын энхтайван найрамдлын ерөнхий чуулган дөрвөн жилд нэг удаа төрийн бус байгууллагын хуулийн дагуу хуралдаж, цаашдын чиглэлээ гаргаж, бүтэц зохион байгуулалтаа ярьдаг юм. Манай ажлын алба тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Гадаад харилцаа олон улсын түвшний асуудлыг анхааран  ажиллаж байна. Энхтайван аюулгүй байдлын үйл хэргийг өргөжүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд хамгийн эхлээд хоёр түнштэйгээ харилцаагаа идэвхтэй болгох хэрэгтэй гэдэг үүднээс Долоодугаар сард БНХАУ-д айлчилсан. Тэд халуун дотно хүлээж авсан бөгөөд хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хийгдсэн. Монгол-Хятадын найрамдлын холбоо байгуулагдаж, Хятад, Зүүн Азийн орнуудын Энхтайвны форум зохион байгуулагдлаа.
Манай байгууллагыг энэ удаа Хятадын гадаад харилцааны яам урьсан. Зүүн Азийн орнууд Хятад улстай хамтран ажиллах нэгдсэн байр сууриа илэрхийлж чаддаг болох ёстой гэж ярилцсан. Одоо Монгол, Орос Хятад орны уулзалтыг Монголдоо зохион байгуулах гэж байна. Хятадын талтай хамтарч ярьж төлөвлөсөн ажил байгаа. Амжвал ирэх сард Орос улсад айлчлал хийнэ. Энэ айлчлалаар эв нэгдлийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн хамтарсан уулзалтад тухайн улсм орнуудын улс төрийн намуудыг урьж оролцуулна. Сонирхсон зарим орнуудыг оролцох ажиглах хэлбэрээр үлдээнэ гэж бодож байгаа.

-Танай байгууллагыг урд хөршдөө анхаарал хандуулж, Хойд хөршөө орхигдуулж байна гэдэг?
-Энхтайван найрамдлын харилцааны асуудлаар бид олон ажил хийх ёстой. Монгол-Оросын найрамдлын ажлын нээлт болсон. Энэ ажлыг Оросын холбооны улсын элчин сайдын яам, Оросын холбооны улсын нийгэмлэг, төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан. Энэ хоёр орны мөнхийн хөршийн өдрүүдийг жил болгон Орос улсаас санаачлан зохион байгуулдаг юм. Эрхүү мужийн симфони найрал хөгжим, театр нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд манайд тоглолт хийж, биднийг урьж байна. Энэ нь жаахан эвгүй санагдсан. Бид цаашдаа энэ тал дээр анхаарч ажиллах цаг нь болсон. Цаашид их юм хийнэ гэж төлөвлөж байна.
Иргэд найрамдлын ажиллагаанд яаж шууд оролцох вэ гэдэг асуудал тавьдаг. Түүнчлэн бусад улс оронтой хэрхэн найрамдалт харилцаагаа бэхжүүлэх вэ, дайн дажинтай улс орнуудтай хэрхэн харилцах вэ, яаж гар бие оролцох вэ гээд олон зүйлийг ярих шаардлагатай. Эхлээд бид хойд, урд хөрштэйгөө холбоо харилцаагаа сайжруулах ёстой.

-Таныг “Энхтайваны төлөө” найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч болоод улс төрөөс хөндийрлөө гэж үзэж байгаатай санал нийлэх үү?
-Би өөрөө УИХ-д нэр дэвших сонирхолгүй байсан учраас 2012 оны сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан. Одоо бол энэ байгууллагынхаа өмч хөрөнгийг авч үлдэхээр зүтгэж байна. Хүмүүс намайг улс төрөөс хөндийрсэн гэж үзэж байна. Гэхдээ би намынхаа удирдах зөвлөлийн гишүүн шүү дээ.

-Та МАН, МАХН хоёрыг нэгтгэх талаар тууштай ярьдаг хүн. Энэ асуудал чинь нэг л явуургүй байгаа юм шиг? 
-Өнгөрсөн жил хоёр нам эвлэлдэн нэгдэх талаар санал уриалга гаргасан. МАХН, МАН хоёр  үзэл баримтал, үйл ажиллагааны чиглэл нэг, хамтарч ажиллая гэвэл буруудах зүйл ер байхгүй. Манай нам ч ялгаагүй ард түмний аж байдал боловсролын түвшин, ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж ирсэн тийм л бодлого баримталдаг. Хоёр нам салангид байснаар хүч их тарамдаж байна. Намын удирдах зөвлөлийн хурал дээр хэлэхэд зарим нэг нь тоохгүй байхаар нь би “Салсан намаа нэгтгэж, сарнисан бодлоо цэгцэлнэ шүү” гээд гарч байсан. Үүний дараа намын нөхөдтэй Эв нэгдлийн шинэчлэлийн хороо байгуулсан. Бид хоёр намдаа уриалга гаргачихсан байгаа. Энэ асуудлаар намууд ч гэсэн ярьж шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

-Таны энэ үзэл бодлоор чинь МАХН-д ихээхэн талтай хүн юм гэдэг ойлголт түгээмэл байдаг?
-Н.Энхбаяр дарга бол төрийн бүх шатны өндөр албыг хашсан, олон түмэнд танигдсан улс төрч. Тэрээр хуулийн байгуулагуудад шалгуулаад, 10 гаруй хоног хоол ундгүй байж ч үзлээ шүү дээ. Энэ бол асар их тэвчээр. Мэдээж сайн, муу хэлэгддэг ч гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч байсан байна. Бид түүнийг илүү үнэлж чадаагүй юм болов уу. Манай намын нэр ч хүртэл үнэн “брэнд”-лэг шүү дээ. Гэхдээ өнөөдөр би бол намынхаа эв нэгдэл, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санаа оноогоо хэлж шинээр сонгогдох намын дарга нартай хамтран ажиллана гэж бодож байгаа.
Ер нь бол Энхтайван найрамдлын байгууллага төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагддаг, энхтайвны төлөө байгууллага учраас энэ талаас нь намайг хүлээж ойлгоорой гэж хэлэх байна.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ялагдалд У.Хүрэлсүхийг буруутгах хүмүүс байдаг. Харин та тэр хүний талаар юу хэлэх бол?
-У.Хүрэлсүх бид хоёр нэлээн олон жил хамтарч ажилласан. МАХН маань 90-ээд оны сүүлчээр сонгуульд ялагдсан, ХУ нам, хөгшчүүлийн нам гэж шүүмжлэгдэж байсан тэр үеэс намынхаа төлөө ажиллаж, шинэчилж, хамтарч ирсэн юм. Мань хүний эхнэр нь өвдсөн гэсэн. Гар бие оролцож, түүнд тусалж чадахгүй л байна.

-Танай намын Их хурал болох гэж байна. Намын дарга шинэчлэгдэх гээд нэлээд өөрчлөлт хийгдэх бололтой?
-Их хуралд нэлээн олдон зүйлийг халуухан ярина. Манай нам монгол орныг удирдан зохион байгуулж ирсэн. Хоёр хөрш улсаа харж болно. Нэгдсэн удирдлагатай байснаараа дэлхийн аюулгүй байдлын үйл хэрэгт нөлөөлөөд явж байна. Гэтэл бид хуваагдаад л.
Монгол улсад тавь хүрэхгүй хууль үйлчилж байсан одоо мянга гаруй хуультай болчихсон байна. Гэтэл тухайн цагтаа тэр тавин хуулийг ягштал хэрэгжүүлж ирсэн шүү дээ. Одоогийн хуулиуд маань хоорондоо авцалдаа муутай, хэрэгжилт тааруу болчихоод байна. Тэгэхээр бид, улс орноо нэгдсэн нэг удирдлагаар зангидаж байж цаашаа явна гэж боддог. Тэгснээр тогтвортой байдлыг бий болгоно. Хууль эрх зүйн орчин тодорхой бус байгаа болохоор эдийн засгийн байдал хүнд байна. Манайд энэ хууль тэдэн сарын тэднээс үйлчилнэ гэхээс биш тэдэнд дуусна гэсэн юм байдаггүй. Тэгэхээр энэ мэт асуудлаа цэгцлэхийн тулд энэ хурлаар их олон зүйлийг ярих байх. 

-Тухайлбал?
-Манай нам сонгуульд зохион байгуулалтын ажлыг базааж чадаагүй оролцоод байсан юм л даа. Сонгуулийн эрх зүйн орчин тодорхой байж байхад сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө өөрчилсөн. Нам өөрөө засгийн эрхийг барьж, төр захиргаа, орон нутгийн бүх түвшинд ажиллаж байсан шүү дээ.  Манайхан бол орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах ёстой гэж ярьсан. Гэтэл хөрөнгө мөнгө цаг хугацаа байхгүй гээд л зүтгэсэн. Манайхаас МАХН гээд нам гараад явчихаар бид аварга могой шиг байснаа аварга гүрвэл шиг болж байгаа байхгүй. Тэр гүрвэлийг яаж гар хөл толгойноос нь салгах вэ гэхээр сонгуулийн хуулийг өөрчлөх л байсан юм. Ингээд бид ялагдаж байна. Харин бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуульд өрсөлдсөн бол манайд ялах давуу тал байсан. Дээрээс нь төрийн албаны хуулиар төрийн албан хаагч намын харъяалалгүй болчихсон байхад тэдгээр төрийн албан хаагчийг манай намынх гэж үзсэн нь өрөөсгөл ойлголт болсон. Н.Энхбаяр даргыг баривчлах ажиллагаа явуулахад бүх хүн унтаагүй хоносон байсан. Харин би унтсан байгаа юм. Хэрвээ би унтаагүй бол тийшээ яваад л очно шүү дээ.
Тухайн үед нийгмийн хэв журмыг хамгаалах цагдаа, хууль зүйн сайд өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлээгүй юм. Тэр үед Н.Энхбаяр даргыг хүн болгон өрөвдсөн тэр өрөвдлийг манай нам ашигтай болгож авах ёстой байсан юм. Гэтэл тэр саналын давалгаа эсрэг талруу эргэхэд хүргэсэн. Манай нөхөд үүнийг тооцоогүй,  яриад ч ойлгоогүй юм.

-Их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын асуудлыг хурцаар тавина гэсэн яриа явагдаж байна?
-Өмнөх жилүүдэд манай намын дарга л ерөнхийлөгчид нэр дэвшдэг байсан. Н.Энхбаяр гэх хүмүүсийн нөлөө  намд их байлаа. Сая бол нууц санал хураалтаар  Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар гурван удаа тэнцсэн. Тэгээд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшсэн нь хамтын шийдвэр байсан учраас одоо хэн нэгэн рүүгээ буруугаа чихэх нь утгагүй хэрэг. Манай нам чадахаараа л өрсөлдсөн. Би энэ хурлаар намын эв нэгдлийг шийдвэрлэсэн хурал болоосой гэж хүсч байна. Бид хамтаараа ярилцаж хуралдаанаараа далайцтай сайн шийдвэр гаргадаг түүхтэй. Үүнийгээ нотолно гэж бодож байна.

-Танай намын шинэ дарга М.Энхболд тодроно гэх яриа гараад байна?
-Манай нам өөрөө нас, насны төлөөлөлтэй хамгийн олон гишүүдтэй нам. Олон жилийн түүхтэй энэ намын удирдлагыг сонгохдоо төлөөлөгчид бас их зүйл бодох байх. Ажил амьдралын туршлага, залуу дунд үеийг төлөөлж чадах, олон түмэнд танигдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн ажлын бэлтгэл зэргийг харах байх. Хэт залуу, бас хэт ахмад хүн тавих нь тохирохгүй байх.  М.Энхболд даргын хувьд манай намын бэлтгэгдсэн боловсон хүчин, залуу наснаасаа манай намын шат шатны ажлуудыг эрхэлж байсан, олон жил удаа дараагийн сонгуульд амжиллтай орж байсан. МАХН байхад нь  даргаар ажиллаж байсан. Харин богинохон хугацаанд ажиллаад,  албаа өгчихсөн юм. Энэ хүн эргээд намаа удирдаад явахад болохгүй нь юу байхав. Чадвартай, бүрэн боломжтой манай намын гишүүний нэг гэж би боддог. Энэ хүний хувьд ахмад, залуу, дунд үеийг төлөөлж чадах байх гэж харж байна. 

-Нам доторх жигүүр хөдөлгөөнүүд өөрсдийн хүнийг нэр дэвшүүлнэ гэж яригдаж байна?
-Бид намын ажилд дэм болохын тулд байгуулагдсан  жигүүр, хөдөлгөөн, цуглааныг буруушаадаггүй. Бидний зүгээс эв нэгдлийн хороо гэж байгуулаад, юуны түрүүнд эвлэлдэн нэгдэх нь зөв гэдэг дээр хамтран ажиллах нь оновчтой гэж үзэж байна.

-Ерөнхий нарийн бичгийн тухайд?
-Манай намд ерөнхий нарийн бичгийн даргыг хийх чадвартай хүн олон байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөртөө манай нам гудамжинд байна шүү дээ. Сэтгэл гундуухан байна. Тэглээ гээд “манай нам муу байна. Муу ажиллаж: байна” гэж ярьж байгаа хүмүүс чинь өөрөө өөрийгөө л хэн болохоо харуулж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.
 

Нийтэлсэн: Web admin

Д.Загджав: “М.Энхболд намаа удирдаад явах чадвартай, бэлтгэгдсэн боловсон хүчин   
Үзсэн: 3910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-08 15:36
ineedtei doldoinuud mun ch ikh bh yum daa huurhii
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-08 15:34
zagdjaw Enhbayarynhaa nam ruu marsh... hudlaa bvv doldigono
61.203.115.xxx [61.203.115.xxx] 2013-11-06 13:28
Zaagaa chi chi yasan doli-r yum be ingej hunid dolginohoor yadgiin chamd alban tushaal uguh uu ineedtei yumaa chi
216.68.164.xxx [216.68.164.xxx] 2013-11-02 16:28
HEN DEESHEE ZAGDJAV D00DOH D0L00D0G AJLAA HIIGEESTEI, ENHBAYAR-IIN UED YAAJ YAVLAA??
202.70.47.xxx [202.70.47.xxx] 2013-10-31 13:06
negen ue Zagdjav guai ch Enhboldiin esreg l um hiij yavsan nuhur doo
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-26 19:26
M.Enkhbold MAH-iin darga bolvol,MAH,MAXH 2 ergeed niileh yum baihdaa.tegvel M.Enkhboldiin hereg yu bnaa.

Бидэнтэй нэгдээрэй