Мөсөн дээрх оюуны спорт кёрлингийн ЕАШТ (европын аварга шалгаруулах тэмцээн) Шотландын Глазго хотноо болж өндөрлөлөө. Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн 2016 оны европын аваргын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шилдэг 10 орны баг тамирчид өрсөлдсөн.
Эдгээр 10 баг хоорондоо тус бүр нэг тоглолтыг хийж, хожлоороо тэргүүлсэн эхний 4 баг хагас шигшээд өрсөлдөх дүрэмтэй. Эрэгтэйчүүдээс алдарт Никлас Эдин тэргүүтэй Шведийн хүчирхэг баг 8 хожил 1 хожигдолтой европ тивээс шалгарсан шилдэг 10 багийг тэргүүлж, хасагдах шатанд ОХУ-ын багийг хожсоноор аваргын төлөө тоглохоор болсон. Харин 2, 3-р байрт шалгарсан Норвеги, Швейцарын багуудын тоглолтод Норвегийн баг хожиж, 2016 оны Европын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон.
Улмаар шигшээ тоглолтод сүүлийн 2 жил дараалан европын аваргаар тодроод байсан Шведийн баг энэ цаг үеийн шилдэг нь болохоо дахин батлан харуулж, 6:5-н харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө хожсоноор энэ оны буурал тивийн аварга багаар тодорлоо. 1975 оноос эхлэн зохиогдсон кёрлингийн ЕАШТ-д Шведийн баг ийнхүү 10 дахиа түрүүлж байна. Тэгвэл өдгөө 31 настай, Шведийн багийн ахлагч, дэлхийн хошой аварга Никлас Эдин 5 дахь удаагаа европын аваргын цомыг өргөж байгаа нь энэ юм. Харин тэмцээний хүрэл медалийг Швейцарийн баг хүртжээ.
Кёрлингийн спортоор дэлхийд ноёрхох буурал тивийн АШТ-д эмэгтэйчүүдээс хэсгийн тоглолтод 4-р байраар шалгарсан ОХУ-ын бүсгүйчүүд хагас шигшээ шатандаа тэмцээний хэсгийн тоглолтод нэг ч хожигдолгүй буюу 9 дараалан хожиж тэргүүн байраар хасагдах шатанд шалгарсан Шотландын багийг хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгаран үлдээд байсан. Тэгвэл Шведийн хүчирхэг баг хэсгийн тоглолтоос 2-р байраар хасагдах шатанд шалгарч, 3-р гарсан Чехийн багийг буулган авсанаар шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан.
Улмаар шигшээ тоглолтод Шведийн багийн Анна Хасселбөрг сүүлийн чулуугаар хожлын оноо авах боломжтой байсан ч энэхүү оролдлого нь амжилтгүй болсоноор ОХУ-ын баг өрсөлдөгчөө 6:4-н харьцаатай ялсан юм. Ийнхүү ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг сүүлийн 2 жил дараалан аваргын алтан медалийг хүртэж, кёрлингийн европ тивийн хошой аварга болж байна. Мөн тэд тэмцээний түүхэн дэх 4 дэх аваргын цомыг нь ОХУ-д авчирсан юм. Харин тэмцээний 19 удаагийн аварга, Кёрлингийн спортод ноёрхлоо тоглтоогоод буй шведийн шилдэг баг 11 дэх мөнгө медалиа хүртсэн бол эмэгтэйчүүдийн хүрэл медалийг хүчирхэг Шотландын баг хүртжээ.
Кёрлингийн Европын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.