![](/uploads/201612/news/thumb/257154c52cc77372d070aaf4cded7bd3_x3.jpg)
Дэлхийн 13, Европын 9, Европын тоглолтын 4 удаагийн аварга Оросын алдарт гимнастикч Яна Кудрявцева хүнд гэмтлийн улмаас 19 насандаа эх спортоо орхих шийдвэр гаргажээ. Энэ талаар Бүх Оросын уран сайхны гимнастикийн холбооны тэргүүн Ирина Винер-Усманова албан ёсоор олон нийтэд мэдэгдэл хийсэн байна. Яна Кудрявцевагийн хувьд 1992 оны зуны олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр олимпийн аварга болж байсан оросын нэрт тамирчин Алексей Кудрявцевын охин билээ. Өнгөрсөн зун Яна гэмтэлтэй байсан хэдий ч “Рио-2016” олимпийн наадамд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэрээр олимпийн наадмын медалын тавцанд зогсохдоо ердөө 18 настай байсан юм.
Яна Алексе́евна 1997 оны 9-р сарын 30-ны өдөр ОХУ-ын Москва хотноо мэндэлсэн түүхтэй. Арван насандаа бяцхан Яна олон улсын анхны тэмцээндээ оролцохоор Финлянд улсыг зорьж байлаа. Эндээс л түүний ирээдүйн арвин амжилтын гараа эхэлсэн. Яна багаасаа л туузтай, бөмбөгтэй, цагирагтай тоглолтуудаараа үзэгчдийг алмайруулдаг байлаа. Үнэхээр онцгой, ховор төрөх авьяас чадвар юм. Түүнийг “Төмөр жигүүртэй сахиусан тэнгэр”, “Мөсөн хатан” зэргээр цоллох болсон нь ч үүнтэй холбоотой.
Яна Алексе́евна анх 2009 онд бүх оросын залуучуудын аварга болж байлаа. Уран сайхны гимнастик гэх энэхүү хүнд, тэсвэр тэвчээр шаардсан спортод багаасаа гоц тодрон гарч, дэлхийд ноёлно гэдэг боломжгүй мэт. Гэсэн ч боломжгүй зүйлийг Яна хийж чадсан. Түүний амжилтын буухиа 2011 оноос буюу 17 наснаас нь эхэлсэн гэж хэлж болно. 2011, 2012 онд Яна Алексе́евна Кудрявцева дараалан дэлхийн залуучуудын аварга болж, мөн тухайн жилүүддээ залуучуудын дэлхийн цомын АШТ болон ЕАШТ-үүдээс тус тус хоёр алтан медалийг хүртэж байсан.
Улмаар тэрээр 2013 онд буюу 16 насандаа анх дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолын эзэн болж, энэ цаг үеэс хойш нийтдээ 13 алтан медалийг ДАШТ-ээс хүртэж чадсан юм. ОУГХ-ноос гаргадаг уран сайхны гимнстикийн дэлхийн чансааг 2014, 2015 онд Яна хоёр жил дараалан тэргүүлсэн. Харин энэ онд чансааны хоёрдугаар байрт ухраад байсан юм. Алдарт "Газпром" клубт харьяалаггдаг түүний багш нь ОХУ-ын хөдөлмбөрийн баатар, ОХУ-ын уран сайхны гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч Ирина Винер-Усманова юм. Яна Алексе́евна 2007 онд анх ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсанаар Иринагийн удирдлагад ирж байсан юм. Бид энэ удаад ОХУ-ын алдарт тамирчин Яна Алексе́евна Кудрявцевагийн аугаа спортын замналыг эргэн дурслаа. Энэ замнал долоохон жил үргэлжилсэн ч дэлхийн сонгодог спортын оргилд хүрч чадсан билээ.
Алдарт Яна Кудрявцева 19 насандаа зодог тайллаа | ||
Үзсэн: 1606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.