![](/uploads/201612/news/thumb/e59c68a1f359adeffd53ffac05870241_x3.jpg)
Хойд Америкийн мөсөн талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Лигийн түүхт 100 дахь улирал эхлээд 30 баг тус бүр 22-25 тоглолтыг хийгээд байна. Өнөөдөр Стэнлийн цомын 11 удаагийн эзэн, алдарт "Детройт Редвингс" өөрийн талбайдаа дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч "Флорида Пантерс"-ыг хүлээн авсан юм. Детройтын “Улаан жигүүрүүд” энэ өдрийн тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлсэн. Шүүгч шайбыг тоглолтод оруулсанаас хэдхэн секундын дараа Хенрик Зеттерберг гоолын салхийг хагалж, “Жое Луйс Арена”-д цугласан хорин мянга гаруй хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Өдгөө 36 настай Шведийн шигшээ багийн довтлогч Зеттерберг шинэ улирал эхлээд 24 тоглолтод оролцож, 4 гоол оруулан 12 оновчтой дамжуулалт өгөөд байна. Харин энэ үеийн төгсгөлд Флорида хотын хоккейчид тооны харьцааг тэнцүүлж чадсан. Энэ удаад “Пантерс”-ийн шилдэг хамгаалагч Жейсон Демерс тэнцээний гоолыг оруулсанаар энэ улирлын 3 дахь гоолоо бүртгүүлсэн юм. Улмаар тоглолтын 2, 3-р үед багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсан ч аль аль нь гоол оруулж чадаагүй. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдвэрлэж, энэ үеийн 2 дахь минутад Финлянд довлогч Александр Барков хожлын гоолыг оруулсан. Ийнхүү Флоридачууд хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожсоноор улирлын 12 дахь ялалтаа авч, 26 оноотой боллоо. Тэд дорнод бүсийн 11-р байрт бичигдэж байгаа бол “Детройт Редвингс” нэг онооны дутуутай удаах байрт лигийн тэмцээнийг үргэлжлүүлж байна.
"Флорида Пантерс" Детройтыг талбайд нь хожлоо | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.