МАН-ын 27-р их хурал өчигдөр сүр дуулиантайгаар эхэллээ. Ө.Энхтүвшин даргын илтгэлээр эхэлсэн уг хурал сайтар боловсруулсан хурлын хөтөлбөрөөсөө нэг ч алхам хазайсангүй.
Хурлын тэргүүлэгчдээр Н.Багабанди, Д.Хаянхярваа, Ш.Занданшатар, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин нарын өнөөх л хэдэн лидерүүд нэрлэгдэв. Их хурлын өмнөх өдрийн бага хурал хаалттай хуралдаж, хэлэлцэх есөн асуудлыг батлан гаргасан. Тэдгээрт удаан хугацаанд яригдсаар байгаа намын дотоод дүрэм, мөрийн хөтөлбөр, цаг үеийн асуудалд баримтлах байр суурь хийгээд намын шинэ даргаа сонгох зэрэг асуудлууд багтсан аж.
Хурлын эхэнд эдгээр есөн асуудал дээр “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Аюурсайханы “Шинэчлэлийн төлөөх ялалт” илтгэл хэлэлцэх саналыг оруулж ирсэн ч дэмжлэг хүлээсэнгүй. Ийнхүү хурлын эхнээс “шинэчлэх” гэсэн нэршилээ өөрсдөө хүлээн зөвшөөрөх дургүй байгаа мэт уур амьсгал ажиглагдав.
Хурлын завсарлагаанаар хөдөө орон нутгаас ирсэн, анхан шатны намын төлөөлөгчид өнөөх л хэдэн лидерүүдийн үзэл тааллаар хурал үргэлжлэх вий гэсэн үүднээс санаа нь зовнисон байдлаар үзэл бодлоо илэрхийлж байсан бол лидерүүд “шинэчлэлээ хийнэ” гэсэн байр сууринаас хандаж байлаа.
Ө.Энхтүвшинг илтгэлээ тавьж байх зуур өнөөгийн засгийн газрын алдаа оноог тоочих бүр баярын алаг ташилт нүргэлсээр байсан нь чухам юунд баяр хүргээд байгаагаа ч ойлгодоггүй төлөөлөгчдөөр дүүрсэн гэлтэй орчинг бүрдүүлж байв.
Намын даргын асуудалд “амаа жимийх хэрэгтэй”
Намын лидерүүдийн зүгээс шинэ намын даргын асуудалд болгоомжтой хандсаар байгаа нь ил байв. Өөр хоорондоо тохирсон мэтээр “Шинэ даргаас ирээдүйн намын хөгжил шалтгаална” гэх жижүүрийн хариултаас илүү үг унагасангүй. М.Энхболд, Т.Аюурсайхан, Н.Энхболд нарын нэр дурсагдсаар байгаа ч заалнаас С.Баяр,Сү.Батболд, У.Хүрэлсэх, Б.Бат-Эрдэнэ нарын нэр дэвшиж магадгүй талаар яригдаж байв.
Тэр ч байтугай нэгдэх саналаа хүргүүлж, хурлын уур амьсгалыг зөөлрүүлээд авсан МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлнэ гэх яриа ч дэгдсэн байлаа. Ямартай ч лидерүүд парлемантад суудалтай хүнээр намаа толгойлуулах хүсэлтэй байгаа нь ажиглагдсан бол анхан шатны төлөөлөгчид “хэн ч сонгогдож болно” гэсэн үзэлтэй байв.
Эхний өдрийн хурлын уур амьгалыг тоймлон хүргэхэд ийм байна. Гурав хоногийн турш үргэлжлэх уг хуралдааны үр дүн хэрхэн гарахыг цаг хугацаа харуулах биз ээ.
Малаа тоолж болсон юм чинь хүнээ зөв тоолж сурах хэрэгтэй
Ө.Энхтүвшин дарга цагийн илтгэлдээ “манай нам боловсон хүчний гол бодлого 200 гаруй хүний хүрээнд эргэлддэг болсон байна” гэх хатуухан үг хурлын уур амьсгалын үнэн дүр төрхийг харуулаад өгсөн.
Мөн тэрээр “намын жинхэнэ гишүүний тоог одоо үнэн бодитойгоор гаргах цаг нь болсон. Намын гишүүн байгаад төрийн албан хаагч болсон хүмүүсээ гишүүдийнхээ тоонд оруулж тоолоод, нэг л олон тоо гаргадгаа болих хэрэгтэй байна” хэмээн онцолсон МАН-ын өнөөгийн гишүүдийн тоонд асуудал байгааг батлах нь тэр. Улмаар “малаа тоолж болдог юм чинь одоо хүнээ зөв тоолж сурах хэрэгтэй”-г ч сануулаад амжлаа.
“Шинэчлэх” гэсэн нэрнээсээ тойрч зугатав | ||
Үзсэн: 1643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.