![](/uploads/201612/news/thumb/1a9fdf1d6d443fbb701b9af9c19141e9_x3.jpg)
Олон улсын цанын холбоо (ОУЦХ)-ны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ)-ий эрэгтэйчүүдийн трамплейн үсрэлийн "Large hill" ангиллын 3 дахь гараа болж шилдгүүдээ тодруулсан байна. Трамплейн үсрэлийн 38 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээний хүрээнд болсон энэ удаагийн гараа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын зүүн өмнөд хэсэгт орших Клингентал дахь цанын баазад болжээ. 2016-17 оны трамплейн үсрэлийн АШТ-ий цуврал эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд 26 гарааны уралдаан болж, нийлбэр дүнгээр дэлхийн цомын эзнийг тодруулна.
Энэ өдөр Словенийн алдарт тамирчин, Домен Превцийн төрсөн ах, олимп, дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Петер Превц эхний харайлтаараа шууд 140 метр замыг туулж чадсанаар гарааг өнгөлөөд эхэлсэн. Улмаар хоёр дахь харайлтаараа өмнөх үзүүлэлтээ нэг метрээр ахиулсанаар тэргүүн хэсэгт бичигдсээр байсан юм. Харин энэ оны нээлтийн гараа Финляндын Рукад болоход түрүүлээд байсан Словенийн залуу од Домен Превц энэ өдөр мөн шилдэг нь байлаа.
17 настай залуу тамирчин Домен Превц хоёр үсрэлтийнхээ нийлбэр дүнгээр 286.9 метр замыг туулж, тэргүүн байрыг эзэлсэн. Харин Норвегийн алдарт тамирчин Даниел Андре Танде эхний харайлтаараа 136.5, удаах үсрэлтээрээ 143.0 метр замыг туулсан амжилтаараа дэд байрт шалгарчээ. Финляндад болсон энэ оны хоёр дахь буюу үүний өмнөх гараанд тэрээр "Large hill" ангиллын олимп, дэлхийн аварга Северин Фройндыг удаалж, мөн 2-р байрыг эзлээд байсан юм. Энэ өдрийн гарааны 3-р байрт хоёр гарааны нийлбэрээр 284.8 метр замыг туулсан Австрийн шилдэг тамирчин Штефан Крафт шалгарлаа.
Домен Превц ингэснээр 220 оноотой болж, уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа бол Германы нэрт тамирчин Северин Фройнд 16 онооны дутуутай удаах байрт эрэмбэлэгдэж байна. Харин Норвегийн Даниел Андре Танде 178 оноотой 3-р байрт жагсаж байгаа юм.
Домен Превц энэ оны хоёр дахь түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.