Шууд Chart

“Вашингтон Кэпиталс” өнөөдөр Бостоныг хожлоо

2016-12-08 18:38:02

Шайбтай хоккейн үндэсний хоккейн лигийн (ҮХЛ)-ийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр Хойд Амертикийн мөсөн талбайд нийтдээ 4 тоглолт болж өндөрлөсөн байна. Эдгээрээс лигийн дорнод бүсийн шилдэг багууд болох Александр Овечкин тэргүүтэй “Вашингтон Кэпиталс”, “Бостон Брюинс” багуудын тоглолт олны анхаарлын төвд байлаа. АНУ-ын нийслэл хотын “Вашингтон Кэпиталс” баг “Веризон Центр”-дээ Бостоны “Байвгайнууд”-ыг хүлээн авч, багууд мөсөн талбайд хоккейн спортын гайхамшигийг толилуулсан. Тоглолт эхлээд хэдхэн секундын дараа Жастин Уильямс тооны харьцааг нээж, улмаар 6 минутын дараа дахин нэг гоолыг оруулж баг нь 2:0-ийн харьцаатай хошуучлаад эхэлсэн. Тоглолтын 2-р үе эхлээд Дэниэл Уинник тооны харьцааг 3:0 болгосон ч Бостоны залуус хожлын төлөө тэмцсээр байлаа. Улмаар үлдсэн цагт Доминик Мур, Давид Пастрняк, Колин Миллер нар нэг нэг гоолыг оруулж, тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Бостоны 20 настай залуу довтлогч Давид Пастрняк энэ улирал эхлээд 22 тоглолтод оролцохдоо 22 оноо аваад байна. Өөрөөр хэлбэл тэрээр 16 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ.

Энэ өдрийн тоглолтын ялагчийг улмаар нэмэлт цагт шийдэж, нэмэлт үеийн эхний минутад “Нийслэлчүүд”-ийн дасгалжуулагч Барри Троцын төлөвлөсөн довтолгооны хувилбар амжилттай болж, Ларс Никлас Бэкстрем гоолыг оруулсан. 29 настай швед довтлогч Бэкстрем улирал эхлээд 8 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм. “Нийслэлчүүд” ингэснээр 25 тоглолтоос 15 хожсон амжилтаараа 33 оноотой болж дорнод бүсийн 6-р байрт бичигдэж байна. Харин “Бостон Брюинс” сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожоод байсан ч өнөөдөр хожигдсоноор 32 оноотой хэвээр үлдэж, энэ бүсийн 8-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ. АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн ҮХЛ-ийн тэмцээний шинэ улирал эхлээд лигийн 30 баг тус бүр 30 орчим тоглолтыг хийгээд байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Вашингтон Кэпиталс” өнөөдөр Бостоныг хожлоо  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй