Шууд Chart

С.В.Паушокийн эсрэг Ц.Нямдоржийн мэдэгдэл О.Чулуунбатыг онилов

2013-10-28 15:28:52

Саяхан Etv-ийн  “Ярилцах цаг” нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулагч ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок онлайнаар ярилцлага өгч оролцсон билээ.

Тэрээр  “Алтан Дорнод Монгол” компанийн захирлаар ажиллаж байхдаа алтны үнийн өсөлтөд 68%-иар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн, 2007 онд  Олон улсын Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаж байсан нэгэн билээ. Тус нэхэмжлэлтэй холбогдуулан  Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн таван жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарснаар энэ хэрэг тухайн үед нэг тийшээ болж байсан түүхтэй.
 
Өдгөө С.В.Паушок Монголын төр засаг, бизнесийн орчин, хууль эрх зүйн талаар ямар бодолтой явдгаа илэн далангүй хуучилснаар аньсан шархыг дахин сэдрээлээ. Түүний ярилцлага цацагдсан даруйдаа нийгэмд ихээхэн шуугиан дэгдээж,  УИХ-ын гишүүн Ц.Нямдож   мэдээлэл хийж, баримт дэлгэхэд хүрэв.
 
С.В.Паушок “Манай компанийн үйл ажиллагааг доголдуулсан, хааж боосон олон хүн бий. Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс багтах байх” гэж нэр цохоод, “Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон алт олборлогчдын хувь заяагаар тоглосон. Үүнийг дайн гэж дөвийлгөх нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр  Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн” хэмээн шулуухан хэлжээ.
 
Түүгээр зогсохгүй богино хугацаанд долларын тэрбумтнууд болон хөлжсөн эдгээр дөрвөн эрхмийн улс төрд орох гол шалтгаан нь  мөнгө байсан тухай дурдаад, Ц.Нямдорж гишүүнийг бусдынхаа үгээр  явдаг, холын бодолгүй хүн хэмээсэн байна.
 
Мөн тэрээр “Миний орлогчийн үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Юу гэхээр орлогч дарга Игошин маань зүрхний хүнд өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн бичгийн дагуу манай Элчин сайд болон төрийн эрх мэдэлтнүүд, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд бүгдээрээ “Энэ хүнийг ОХУ-д аваачиж эмчлүүлье. Амь нас нь хутганы ирэн дээр байна, туслаач”  гэж Ц.Нямдоржоос  гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч нас барсан. Ц.Нямдорж болон Ц.Мөнх-Оргил нар ард түмэн дээрээ туршилт хийж, дураараа дургиж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг  болсон гэж үзэж байна. Би тэр явдлыг аллага гэж үздгээ нуухгүй” хэмээн өгүүлжээ.
 
Тэгвэл  МАН-ын 27-р их хурлын үеэр гарсан энэшуугиант ярилцлагын эсрэг  эсрэг  "намын лидерүүдийн нэр хүндийг зориудаар унагах" гэсэн захиалгат хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлэн  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тэрээр тус ярилцлагад өөрийнхөө компанийн хэргийн гол буруутанг С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар дээр тохоосныг “Энэ маргаан С.Баярын Засгийн газраас эхлээд Сү.Батболдын Засгийн газрын үед дууссан учраас холбон ярьсан  байх” хэмээн тайлбарласан юм. “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушок нь Монголын засгийн газартай 2008 оноос хойш тасралтгүй хэлэлцээр хийх шахалт үзүүлсээр байсан ч,  тухайн үед бид хууль ёсных нь дагуу шийдүүлж байсан гэж мэдэгдлээ.
 
Улмаар С.В.Паушокийн тус ярилцлагыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатыг захиалан хийлгэсэн хэмээлээ. Тэрээр “О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч байхдаа Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор "Алтан Дорнод Монгол" компанийн 1.5 тонн алтыг хадгалж, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон. Үүнээс нь болж С.В. Паушок Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, Арбитрийн шүүхэд хандсан. Харин би Хууль зүйн сайд байхдаа энэ асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлүүлсэнд С.В.Паушок хорсч яваа” хэмээн нэмж тайлбарлалаа.
 
Цаашид энэ хэрэг нэлээд дуулиан дагуулах нь тодорхой боллоо.  С.В.Паушокийн ам халсан ярианы мөрөөр Ц.Нямдорж яаран сандран мэдээлэл хийсэн нь цаанаа ихээхэн "но" дагуулж байгааг харуулаад өгнө. Түүнчлэн Ц.Нямдоржийн үзэж буйгаар О.Чулуунбатын ятгалгаар С.В.Паушокийг МАН-ын 27-р их хурлын үеэр намынх нь лидерүүдийн нэр хүндэд халдсан ярилцлага өгсөн мэтээр итгэл төгс мэдэгдэж байгаадаа дахин тайлбар хийх шаардлага үүсэж болзошгүй юм.
 
Харин Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат "Алтан Дорнод Монгол" компанийн  1.5 тонн алтыг хадгалж, ЗГ-т чирэгдэл учруулсан болоод ямар учраас МАН-ын их хурлын үеэр С.В.Паушокийг турхирсан эсэх талаараа  тайлбарлах хэрэг гарч байна.
 
Нөгөөтэйгүүр В.С.Паушок гэгчийн зоргоороо ярьсан зүйлд Ц.Нямдорж гишүүн яаран сандран хариулж, О.Чулуунбатыг турхирсан, алт хадгалж гай болсон мэтээр мэдэгдэл хийж, нэг Монгол нөгөө Монголоо чирч унаад байхын цаана Монголын улс төр гадныхны нөлөөлөлд хэт автсан мэтээр ойлгогдоход хүрч болохоор байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.В.Паушокийн эсрэг Ц.Нямдоржийн мэдэгдэл О.Чулуунбатыг онилов  
Үзсэн: 2259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй