![](/uploads/201612/news/thumb/64d281f2eb7a1919e16216cff2fade3f_x3.jpg)
Уулын цанын 2016 оны дэлхийн цомын АШТ-ий эмэгтэйчүүдийн ээлжит гараа Итали улсын өмнөд хэсэгт орших Сестриере дэх цанын баазад хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ удаагийн гараа слалом ангилалд явагдсан бөгөөд тус ангилалд явагдаж байгаа 3 дахь гараа нь юм. Слалом ангиллын өнгөрсөн хоёр гараанд дараалан тэргүүлээд байсан АНУ-ын шилдэг тамирчин Микеала Шиффрин энэ өдөр ч шилдэг нь байлаа. Тэрээр слалом ангилалд энэ цаг үеийн хамгийн шилдэг нь болохоо батлан харуулж, эхний 3 гараанд дараалан түрүүллээ. Өдгөө 21 настай Микеала Шиффрин 2012 оноос буюу 17 настайгаа дэлхийн цомын тэмцээнд оролцож байгаа юм. Өөрийн үндсэн төрөл болох слалом ангилалд олимпийн аварга, дэлхийн хошой аварга болж байсан Шиффрин өнгөрсөн жил аваргын цомыг хүртэх магадлал өндөр байсан ч өвдөгний гэмтлийн улмаас сүүлийн 5 гараанд оролцож чадаагүй. Улмаар Лара Гют дэлхийн цомын эзнээр тодорч байсан. Энэ өдрийн гарааны 2-р байрт Словакийн тамирчин Вероника Велес-Зузулова шалгарсан бол Швейцарийн шинэ залуу, шилдэг тамирчдын нэг 23 настай Венди Холденер 3-р байрт шалгарчээ.
Дэлхийн цомын эзэн нийт 37 гарааны дараах нийлбэр дүнгээр тодордог дүрэмтэй. Үүний 10 нь слалом ангилалд явагдах юм. Слалом ангилалд одоогоор явагдаад буй 3 гарааны дараах нийлбэр дүнгээр Микеала Шиффрин зуун хувийн амжилттай буюу 300 оноотой бүх тамирчдыг тэргүүлж байна. Харин бүх төрлийн нийт есөн гарааны дараах нийлбэр дүнгээр Шиффрин 498 оноотой байгаа бөгөөд удаах байр бичгдэж байгаа Лара Гютээс 105 онооны илүүтэй мөн тэргүүн байрт энэ жилийн дэлхийн цомын тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.
Слалом ангилын дараагийн гараа энэ сарын 29-ний өдөр Австри улсын Семмерин дэх цанын баазанд болно. Шиффрин хэрвээ энэ гараанд түрүүлж, нэг ангилалдаа 4 дараалсан ялалтыг авч чадвал Швейцарын нэрт тамирчин Врени Шнайдерын амжилтыг шинэчлэх юм. Шнайдерын хувьд 1988-1990 оны хооронд дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн слалом ангиллын ганцаарчилсан гараанд 12 удаа түрүүлж байсан амжилттай.
Микеала Шиффрин зуун хувийн амжилт үзүүлж байна | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.