Шууд Chart

Интерполын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

2016-12-21 12:35:03

Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгyуллага-Интерполын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мэнг Хонгвей Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд хийж буй анхны айлчлалаараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ки Мүнтэй уулзаж дэлхий дахины аюулгүй байдлыг хангахад хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын агуулгад багтсан терроризм, зохион байгуулалттай, шинэ төрлийн болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх тухай Интерполын Глобал хөтөлбөрт голчлон төвлөрч ярилцсан юм. “Дэлхий дахины аюулгүй байдал болон учирч болох аюул заналын эсрэг Интерпол, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагаа нь нэн шаардлагатай” байгааг Интерполын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Тус хоёр байгууллага нь хамтын ажиллагааны урт удаан хугацааны түүхтэй бөгөөд даян дэлхийн ард түмний аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлэхийг нэмж цохон тэмдэглэлээ. Энэхүү уулзалт нь энэ оны 11 дүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гадаад террорист дайчдыг зорчихоос урьдчилан сэргийлэх зэргээр терроризмтэй тууштай тэмцэх, мандатад заагдсан үүргээ эрхэмлэж Интерпол, НҮБ-ын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан тогтоол” батлагдан гарсны дараа болж буйгаараа онцлог юм.

Дашрамд дурдахад Интерпол болон НҮБ нь хамтын ажиллагааны урт удаан хугацааны түүхтэй байгууллагууд бөгөөд олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх олон төсөл, хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллаж байсан юм. Тус хоёр байгууллага нь 1997 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, тухайн жилдээ Интерпол НҮБ-ын байнгын ажиглагчийн статустай болсон. Хамтын ажиллагаа өргөжин тэлсээр 2004 онд Интерпол өөрийн Тусгай төлөөлөгчийн газраа Нью-Йоркод байрлах НҮБ-ын төв байранд байгуулсан.

Нью-Йоркод айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мэнг Хонгвей ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх НҮБ-ын шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутэррэстэй мөн уулзалт хийхээр төлөвлөсөн байна.


Интерполын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав   
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй