Шууд Chart

"Үнэгний ав" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

2016-12-23 16:53:18

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Халаасны хулгайн гэмт хэргийг үйлдэж буй бүлэг зохион байгуулалттай этгээдүүдэд цохилт өгөх зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэн ашиглаж буй гэмт хэргийн цахим зураглал /Crime map, Egsoc/-д системд дүн шинжилгээ хийн халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газар орчин, цаг хугацааг оновчтой тодорхойлж “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч есдүгээр сараас үе шаттайгаар зохион байгуулсан.

Тус арга хэмжээний хүрээнд 19.872.000 төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгож ажилласан байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг албан байгууллагууд, хүмүүс ихээр төвлөрсөн их дээд сургуулиуд, худалдааны төв, захуудын телекамерын хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нийтийн тээврийн газар”, аж ахуй, нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн хамтран ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй газруудад 64 ширхэг хяналтын камерыг шинээр суурьлуулсан гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Илрүүлсэн гэмт хэргүүдээс дурдвал:

Өмнөговь аймагт 2016.03.06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол тэмээ-999” тэмцээн, Геннисийн номд бичигдэх 1000 тэмээний уралдааны үеэр 11 удаагийн үйлдлээр бүлэг зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан Э, Э, Ө, Г, Б, С, Э, Б нарын найман этгээдийг илрүүлэн баривчилж, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургуулиуд болон худалдааны төвүүдээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 15-25 насны Х, Д, А, Х, У, Г, Т нарын эмэгтэйчүүд нь бүлэглэн, зохион байгуулалттайгаар 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явж бусдын анхаарлыг сарниулан гар утсыг хулгайлдаг А, Б, Т, Б нарын 14-15 насны эрэгтэй хүүхдүүд нь орон гэрээсээ дайжин, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн, гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө компьютер тоглоомын газруудаар хоноглон явдаг байсан нь тогтоогдсон. Дээрх сэжигтэн этгээдүүдийг дайчлан баривчлах үед амьдардаг түрээсийн байрнаас нь дөрвөн ширхэг гар утас гарч ирснийг нотлох баримтаар хураан авч, хохирогчийг эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.

2016.06.09-10-ны өдрүүдэд болсон Сангийн сайд нарын уулзалтыг сурвалжлахаар ирсэн БНХАУ-ын иргэн Цү Жин Хао нь 2016 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Чингис хааны нэрэмжит талбай дээр явж байгаад цүнхнээсээ “Sony” маркийн видео камер хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат А гэгч үйлдсэнийг,

2016.07.06-07-ны өдрүүдэд болох Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Грек улсын иргэн Christos Giovanopoulos нь 2016.07.04-нд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг Улаанбаатар зочид буудлын орчимд явж байхдаа “Panasonic” маркийн зургийн аппарат хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат О гэгч үйлдсэнийг,

2016.07.06-07-нд болсон Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Бельги улсын иргэн Зрис Ванслам Брук 2016.07.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “MB” рестораны задгай талбайд явж байхдаа гар цүнхтэй “Mac book”, “Lumix” зургийн аппарат, 100 евро, паспорт зэрэг эд зүйлээ хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн харьяат Т гэгч үйлдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ. УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй хэлтсийн алба хаагчид 2016 онд 443 холбогдогчтой, 376 сая 330 мянган төгрөгийн хохиролтой, нууц далд аргаар үйлдэгдсэн 409 хэрэг үйлдэл илрүүлэн ажилласан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн 35 хувь нь нийтийн тээврийн том оврын автобусанд, 31 хувь нь гудамж талбайд, 21 хувь нь аж ахуй нэгж байгууллагад, 13 хувь нь томоохон зах, худалдааны төвүүд болон бусад газуурдад үйлдэгдэн бүртгэгджээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв”, бүхий “Аюулгүй хот” төслийн хүрээнд халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудад телекамер байршуулах саналыг хүргүүлсэн байна.


"Үнэгний ав" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ   
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй