Өдгөө 25 настай бразил хагас хамгаалагч Оскар БНХАУ-ын Шанхай хотын Пүдон олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирж, шинэ багийнх нь олон мянган хөгжөөн дэмжигчид халуун дотноор угтан авчээ. Хятадууд төр засгийнхаа бодлого дэмжлэгийн дагуу лигтээ дэлхийн шилдэг тамирчдыг урин тоглуулж, улмаар цэнхэр гаригийн хөлбөмбөгийн ертөнцөд эзлэх байр сууриа дээшлүүлэхийг хичээж, шаргуу ажиллаж эхлээд байна. Оскарыг "Шанхай SIPG" баг өнгөрсөн 12-р сарын сүүлд 52 сая паундаар Английн "Челси" клубээс худалдан авсан. 2 тал байгуулсан гэрээндээ Оскарт долоо хоногийн 400 мянган паундын цалин өгөхөөр тохиролцож, 2.5 жилийн гэрээг үзэглэсэн. Ингэснээр Оскар дос Сантос Эмбоаба Жуниор дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болсон юм. "Шанхай SIPG" багийн хувьд өнгөрсөн улирал Хятадын "Супер лиг"-ийг 3-р байрт шалгарсан амжилттай дуусгасан бөгөөд энэ улирлаас Азийн "Аваргуудын лиг"-ийн урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа юм. Одоогоор энэ багийг Английн "Челси", "Тоттенхэм" зэрэг клубуудыг удирдаж байсан шилдэг залуу дасгалжуулагч Андре Виллаш-Боаш удирдаж байгаа юм. Мөн энэ клубт Бразилын шигшээ багийн тамирчин Халк, Ганын шигшээ багийн довтлогч Асамоа Гяан нарын шилдэг тамирчид хүчин зүтгэж байна. Нэмж мэдээлэхэд Хятадын "Супер лиг" 2018 оноос эхлээд легионер тамирчдыг тоглуулах журмаа чангатгахаар болсон байна. Одоогоор лигийн баг бүр таван легионер тамирчин тоглуулах эрхтэй бөгөөд эдгээр таван легионер тамирчны нэг нь Ази тамирчин байх дүрэмтэй. Харин 2018 оноос баг тус бүрт байх легионерийн тоог дөрөв болгон багасгах бөгөөд мөн тус дөрвөн тамирчны нэг нь Азийн хөлбөмбөгчин байх юм.
Оскар Шанхайд ирлээ | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.