Шууд Chart

"Пепси лиг"-ийн 3-р тойргийн тойм

2017-01-09 07:55:22

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пепси” брэндтэй хамтран футзалын дээд лигийн АШТ-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хэсэг хугацаанд завсарлаад байсан "Пепси лиг”-ийн 3-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр тун сонирхолтойгоор үргэлжлэн явагдлаа. Багуудын чансаа, нэр хүнд, цар хүрээгээрээ улсдаа тэргүүлэгч “Пепси” дээд лигийн тэмцээнд энэ жил шалгарсан шилдэг 11 баг өрсөлдөж байна. Тэмцээний 3-р тойргийн хүрээнд нийтдээ 5 тоглолт болсон. Үүний 3 нь бямба гарагт явагдаж, эхний тоглолтод “Соёмбын Барсууд” баг өрсөлдөгч “Арвис” клубыг 5:4-н харьцаатай хүндхэн тоглолтод хожиж, лигийн эхний ялалтаа авсан. 

Дараагийн тоглолт эхний 2 тойргийн дараах байдлаар адил 2 хожилтой лигийг тэргүүлж байсан “Дэрэн” болон “Хоромхон” клубуудын хооронд өрнөсөн.

Өнгөрсөн жилийн “Пепси лиг”-ийн тэмцээнд хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөж байсан шилдэг багуудын тоглолтод энэ өдөр лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” клубын баг тамирчид хүчтэй 4:0-ийн харьцаатай хожсон. Б.Гарьдмагнай ахлагчтай “Дэрэн” клубын залуус ингэснээр эхний 3 тоглолтод дараалан хожсон амжилтаараа “Пепси” дээд лигийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ.

"Пепси лиг"-ийн гуравдугаар тойргийн гурав дахь тоглолт эхний жилдээ дээд лигийн тэмцээнд дэвшин тоглож байгаа “Бумаасанаа” болон “Атлетик 220” багуудын хооронд болж, тамирчид талбайд 2 үеийн 40 минутын турш ширүүн өрсөлдсөний эцэст 6:5-ын харьцаатай “Атлетик 220” клуб хожсон. Тэд эхний 3 тойргийн дараах байдлаар 2 ялж, 1 тэнцсэн амжилттайгаар 7 оноотой, хүснэгтийн 2-р байрт лигийг үргэлжлүүлж байна. 

Лигийн 3-р тойргийн сүүлийн 2 тоглолт ням гарагт болж, эхний тоглолтод 2016 оны футзалын УАШТ-д түрүүлж, дээд лигийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан “Гоёо” клуб “Улаанбаатарын Мазаалайнууд” клубтэй учраа таарч, 4:3-н харьцаатай хожлоо. “Гоёо” клуб ингэснээр улирлын 2 дахь хожлоо авч байгаа юм.

Энэ өдрийн 2 дахь 3-р тойргийн сүүлийн тоглолтод өнгөрсөн жилийн “Пепси” дээд лигийн тэмцээний алт, мөнгөн медалийн эзэн "Унаганууд" болон “Хангарьд" клубуудын хооронд боллоо.

Монгол улсын футзалын дээд лигийн тэмцээнд сүүлийн 3 жил дараалан түрүүлээд байгаа “Унаганууд”-ын хувьд энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын “Улан Үдэ” хотноо эхэлсэн “Горсоветын цом” олон улсын тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо хүрэлцэн ирсэн юм. ”Унаганууд" өнгөрсөн жилийн “Пепси лиг”-ийн тэмцээнд нэг ч хожигдолгүй түрүүлж байсан бол М.Отгонбаяр дасгалжуулагчтай ”Хангарьд”-ын залуус ”Унаганууд”-ад нэг хожигдсоноор удаах байрт шалгарч, мөнгөн медаль хүртэж байсан. “Унаганууд”-ын хожлын цуврал энэ өдөр ч үргэлжилж өрсөлдөгчөө 7:3-н харьцаатай хожиж, Пепси дээд лигийн тэмцээний 2 дахь ялалтаа авч байна.

Ийнхүү өнгөрсөн 12-р сарын 17-ны өдөр эхэлсэн "Пепси" лигийн тэмцээний 3-р тойргийн хүрээнд 5 тоглолт болж өндөрлөлөө. Дээд лигийн тэмцээний аваргууд 3-р сарын 19-ий өдөр тодрох юм. Одоогоор лигийн багуудын үзүүлээд буй амжилт болон мэргэн буучдын жагсаалтыг та бүхэн доорхи хүснэгтээс үзнэ үү.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Пепси лиг"-ийн 3-р тойргийн тойм  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй