Шууд Chart

Роналду "Алтан бөмбөг" шагналаа танилцууллаа

2017-01-09 08:11:28

Испанийн "Ла лиг"-ийн тэмцээний 16-р тойргийн тоглолтын хүрээнд эзэн хааны “Реал Мадрид” клуб алдарт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэндээ 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар “Гранада” клубыг хүлээн авсан. Энэ тоглолтын өмнө энэ цаг үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду дос Сантос Авейру өөрийн 4 дэх "Боллон д’Ор" буюу "Алтан бөмбөг" шагналаа танилцуулсан. Энэ өдөр цэнгэлдэхэд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж байсан "Реал Мадрид" багийн домогт тамирчид мөн хүрэлцэн ирсэн. 

1958 оны "Алтан бөмбөг" шагналын эзэн Рэймон Копа
1997, 2002 оны "Алтан бөмбөг" шагналын эзэн Луйс Назарио де Лима Роналдо
1998 оны"Алтан бөмбөг" шагналын эзэн Зинедин Зидань 
2000 оны "Алтан бөмбөг" шагналт Луйш Фигу
2001 оны "Алтан бөмбөг" шагналын эзэн Майкл Оуэн нарын домогт хөлбөмбөгчид цэнгэлдэхэд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн. Мөн "Реал Мадрид" клубт хүчин зүтгэж байсан 2006 онд Италийн шигшээ багийн удирдан дэлхийн аварга болж, тус ондоо "Алтан бөмбөг" шагналыг хүртэж байсан Фабио Каннаваро, 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Рикардо Кака нар “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд дэлгэцээр дамжуулан мэндчилгээ дамжуулжээ. Харин "Аваргуудын лиг"-ийн тэмцээнд 6 удаа түрүүлсэн түүхэн дэх цорын ганц тоглогч, "Реал Мадрид"-ын хүндэт ерөнхийлөгч Фако Хенто тус шагналыг нь Роналдуд гардуулан өгчээ.

Тоглолт эхлээд “Реал Мадрид” клуб бүх талаараа илүүрхэж, Иско тооны харьцааг нээсэн бол багийн шилдэг довтлогч Карим Бензема 2 дахь гоолыг оруулсан. 29 настай франц довтлогч улирлын 5 дахь гоолоо оруулсан нь энэ байлаа. Улмаар 31 настай Португал залуу Криштиану Роналду улирлын 11 дэх гоолоо оруулж, тооны харьцааг 3:0 болгосон юм. Тоглолтын 31 дэх минутад Испани хагас хамгаалагч Иско 2 дахь гоолоо оруулж, эхний үед Мадрид хотын баг 4 гоол оруулсан. 2-р үед Бразил залуу Каземиро улирлын анхны гоолоо оруулж, энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан.

Ингэснээр “Реал Мадрид” улирлын эхний 16 тоглолтод нэг ч хожигдолгүй буюу 12 хожиж, 4 тэнцсэн амжилтаараа 40 оноотой лигийг тэргүүлж байна. Мөн Зиндин Зиданиар удирдуулсан “Реал Мадрид” бүх тэмцээний хүрээнд сүүлийн 39 тоглолтдоо ялагдаагүй гэсэн амжилтад хүрсэн нь Испанийн хөлбөмбөгийн түүхэн дээд амжилттай зэрэгцэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Роналду "Алтан бөмбөг" шагналаа танилцууллаа  
Үзсэн: 1918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй