Шууд Chart

Микеала Шиффрин 7 дахь түрүүгээ хүртлээ

2017-01-09 10:04:11

Олон улсын цанын холбооноос 50 дахь жилдээ уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ өдөр 2017 оны дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 18 дахь гараа болж, ялагчдаа тодрууллаа. Словени улсын Марибор дахь цанын баазад болсон энэ гараанд тамирчид туг сүлжих ангилалд өрсөлдлөө. Энэ ангилалд өмнө нь 5 гараа явагдсаны эхний дөрөвт нь АНУ-ын алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга Микеала Шиффрин тэргүүлээд байсан. Тэрээр өнөөдөр ч энэ цаг үеийн шилдэг нь болохоо баталж, тэргүүн байрыг эзэллээ. Шиффрин 2017 оны дэлхийн цомын тэмцээнд 7 дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ юм.

Ингэснээр тэрээр дэлхийн цомын тэмцээний 27 дахь түрүүгээ авч, тэмцээний бүх цаг үеийн жагсаалтад 3-р байрт дэвшлээ. Түүний өмнө буюу 2-р байрт дэлхийн цомд нийт 33 гараанд түрүүлсэн Боде Миллер бичигдэж байгаа бол энэ жагсаалтыг алдарт Линдсей Вонн 76 гарааны уралдаанд түрүүлсэн амжилтаараа тэргүүлдэг юм. Микеала Шиффрин туг сүлжих ангилалд явагдсан сүүлийн 7 гараанд дараалан түрүүлсэн амжилт нь үүний өмнөх гараанд эцэслэсэн юм. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт Хорватын Загребд болсон уралдаанд барианд орж чадалгүйгээр уралдаанаа дуусгасан нь Шиффриний сүүлийн 4 жилийн карьер дахь анхны тохиолдол болсон билээ.

Швейцарийн алдарт тамирчин Венди Холденер энэ өдөр тэргүүлэгчээс 0.19 секундээр хоцорч, 2-р байрт шалгарсан бол Шведийн Фрида Ханшдоттер 3-р байр эзэлжээ. Дэлхийн цомын тэмцээн энэ онд дүрэм ёсоор 37 гарааны уралдаан болж, аваргаа тодруулна. Одоогоор явагдаад буй 18 гарааны дараах байдлаар нийт тамирчдыг АНУ-ын алдарт тамирчин Микеала Шиффрин 948 оноотой тэргүүлж байна. Тэгвэл Швейцарын алдарт Лара Гют түүнээс 305 онооны дутуутай 2-р байрт тэмцээний 2016/17 оны улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Микеала Шиффрин 7 дахь түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй