![](/uploads/201701/news/thumb/885547f18509d1c58e385b1c92bf324f_x3.jpg)
Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй хөлбөмбөгчдийн нэг, АНУ-ын шигшээ багийн довтлогч Алекс Морган Францын Лион хотноо хүрэлцэн ирж, шинэ багийн хөгжөөн дэмжигчид нь түүнийг халуун дотноор угтан авсан байна. Тэрээр энэ хотын “Олимпик Лион” клубт зээлээр тоглохоор болжээ. Олимп, дэлхийн аваргын тэмцээний хос алтан медальт Алекс Морган өнгөрсөн 2016 оноос эхлэн АНУ-ын дээд лигийн тэмцээний “Орландо Прайд” клубт тоглох болсон юм. Одоогоор АНУ-ын лигийн тэмцээний 2016 оны улирал дуусч, багуудад оролцох тэмцээн уралдаан байхгүй байгаа учраас шилдэг тамирчдынхаа форумыг хадгалах үүднээс европ тивийн шилдэг клубуудэд зээлээр тоглуулж эхлээд байна. Энэ удаад “Орландо Прайд” клубын удирдлагууд Европ тивийн аварга Францын “Лион” клубтэй тохиролцоонд хүрч, багийн лидер Морганыг хагас жилийн хугацаанд Францад тоглуулахаар шийдэж, хоёр тал тохиролцоонд хүрчээ. Морган шинэ багтаа өөрийн үндсэн 13 дугаараа эзэмших болсон байна.
Алекс Патрисиа Морган Карраско 2010 оноос хүчирхэг АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож, 120 тоглолтод талбайд гарахдаа 73 гоолыг оруулсан өндөр амжилтыг үзүүлээд байна. Америкийн шигшээ багийн 27 настай довтлогч ийнхүү анх удаагаа Европын лигт тоглохоор болж байна. Морган Францын лигийн энэ улирлыг дуустал “Лион” клубт тоглоно. Мөн “Лион” клуб 6-р сарын 1-нд болох ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод хожвол тэмцээний аварга цолоо хамгаалах юм. Улмаар тэрээр 6-р сарын эхээр АНУ-руу буцаж, “Орландо Прайд” багийн хамтаар шинэ улирлаа эхлүүлнэ. 2015 онд үүсэн байгуулагдсан “Орландо Прайд” клуб мөн ирэх улирлын эхэнд шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглалтад оруулж, “Орландо Сити” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм байна. Түүнчлэн Морганы нөхөр Сервандо Карраско Орландо хотноо үлдсэн байна. Тэрээр мөн АНУ-ын хөлбөмбөгийн дээд лиг буюу "Мэйжор лиг"-ийн тэмцээний "Орландо Сити" багт хүчин зүтгэдэг юм.
Тэрээр шинэ багийнхаа нэрийн өмнөөс оролцсон анхны хэвлэлийн бага хурлын үеэр "Би 2008 оноос мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байлаа. Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 7 клубт тоглож, олон тэмцээн уралдаанд амжилт гаргаж байсан. Олон багууд дундаас яагаад заавал ”Лион”-ыг сонгосон бэ гэвэл миний хувьд хоёр жилийн өмнөөс Европт очиж тоглох талаар бодож эхэлсэн. Францын лиг бол шилдэг нь. Тэр дундаа “Лион” клуб 2000 он гарсанаас хойш энэ тивийн шилдэг багуудыг амжилтаараа манлайлж яваа багуудын нэг шүү дээ. Тиймээс би энд ирэх боломжоо алдахыг хүсээгүй. Надад Лион хотын болоод клубын талаар мэдэхгүй зүйлс маш олон байна. Тиймээс энэ бүгдэд суралцаж, багийн хамтаар оролцох тэмцээнүүддээ амжилт гаргахын төлөө бүхий л нөөц бололцоогоо ашиглан чармайх болно" хэмээн өгүүлсэн байна.
Алекс Морган Лионд ирлээ | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.