Шууд Chart

Хоккейн лигийн 2-р тойргийн шилдгүүд тодорлоо

2017-01-09 14:34:02

Монголын хоккейн холбооны лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн хаалтын ажиллагаа өнөөдөр болж, энэ тойргийн шилдэг баг тамирчдыг шалгарууллаа. Ингэснээр лигийн тэмцээний плэй-оффын буюу хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 4 баг тодорсон. Монголын хоккейн холбооны лигийн 2016-2017 оны улирлын 2-р тойргийн тоглолтууд нийслэлийн 6-р сургуулийн мөсөн талбайд 4 өдрийн турш үргэлжилж, “Бласт” компанийн нэрэмжит тэмцээн болон зохион байгуулагдсан юм. Энэ тойргийн шилдэг хамгаалагчаар “Бласт” компаний “Отгон-Од” клубын “Бласт” багийн тамирчин Жаргалсайханы Анхбаяр тодорсон.

Энэ тойргийн Шилдэг хаалгачын шагналыг Хангарьд багийн хаалгач, СМ Базарваанийн Баатархүү хүртжээ.

Тэгвэл 2-р тойргийн шилдэг довтлогчоор Монгол улсын шигшээ баг болон "Хангарьд" клубын ахлагч, ОУХМ, Намжилийн Мишигсүрэн тодорлоо. Тэрээр энэ тойргийн 4 тоглолтод нийтдээ 9 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ.

Лигийн 2-р тойргийн хүрээнд нийтдээ 16 тоглолт болж, ялагчдаа тодруулсан. Тойргийн дөрвөн тоглолтоос гуравт нь хожсон амжилтаараа "Хангарьд" баг алтан медалийг хүртсэн бол ОУХМ Ганболдын Тамир ахлагчтай "Бласт" баг мөнгөн медаль, Алтангэрэл ахлагчтай Багануур дүүргийн баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртсэн. Харин эхний хоёр тойргийн нийлбэр оноогоор "Хангарьд" болон "Бласт" багууд адил 15 оноотой тэнцэж, гоолын зөрүүгээр "Хангарьд" клуб хасагдах шатанд тэргүүн байраар шалгарлаа. Тэд плэй-оффын эхний шатандаа 4-р байраар гарсан Багануур багтай өрсөлдөх бол "Бласт" багийн залуус 3-р байраар шалгарсан "Шарын гол" багтай өрсөлдөхөөр боллоо. Лигийн АШТ-ий хасагдах шатны тоглолтууд ирэх 2-р сарын 3-6-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдана.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хоккейн лигийн 2-р тойргийн шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй