Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр өнгөрсөн жилийн аварга “Питтсбург Пингвинс” баг улирлын 40 дэх тоглолтдоо лигийн хүчтэй өрсөлдөгч “Вашингтон Кэпиталс”-тай учраа таарлаа. “Вашингтон Кэпиталс”-ын хувьд сүүлийн 6 тоглолтдоо хожоод байсан бол Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Пингвинс” 5 тоглолт дараалан хожсон амжилтыг үзүүлээд байлаа. Дорнод бүсийн 3, 4-р байрт дараалан бичигдэж байгаа лигийн энэ цаг үеийн шилдэг багуудын тоглолт АНУ-ын нийслэл Вашингтон хотын “Веризон Центр”-д болсон. ОХУ-ын алдарт тамирчин, агуу Александр Овечкин энэ өдөр эхний гоолыг оруулахад ердөө 35 сек хангалттай байлаа. Тэрээр шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн дэлхийн шилдэг тамирчин Сидней Кросбигийн эсрэг энэ гоолыг оруулж, 1000 дахь оноогоо авсан юм. Шайбтай хоккейн спортод дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэгч ҮХЛ-ийн тэмцээнд тоглож байгаа нийт тамирчдаас одоогоор зөвхөн алдарт Яромер Ягр л 1000 онооны босго даваад байсан юм. Овечкин 880 тоглолтод оролцож энэ амжилтад хүрсэн. Тэрээр лигийн 1000 оноонд хүрсэн тамирчдын жагсаалтад 24-р бичигдэж эхэллээ. Овечкин энэ 1000 оноог 545 гоол оруулж, 455 дамжуулалт гүйцэтгэн цуглуулжээ. Улмаар баг нь энэ тоглолтод 5:2-ын харьцаатай ялалтыг авсан юм. Овечкин ч мөн дахи нэг гоолыг оруулж, үндэсний хоккейн лиг дэх 1001 дэх оноогоо бүртгүүлсэн. Вашингтон 41 тоглолтод оролцож 27 хожсоноор 49 оноотой болж дорнод бүсийн дэд байрт дэвшлээ. Харин аваргаа хамгаалан тоглож байгаа Питтсбург хотын “Пингвинс” баг 40 тоглолтоос 26 хожсон амжилтаараа энэ бүсийн 4-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.
Александр Овечкин 1000 дахь оноогоо авлаа | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.