Шууд Chart

Бразилийн шоронд гарсан хүн амины хэргийг шалгаж эхэлжээ

2017-01-13 11:09:08

Бразилийн Амазонас мужийн шоронд саяхан хүн амины 56 хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын прокурорууд хувийн шоронгийн захиргаатай хийсэн олон сая ам.долларын гэрээг цуцлахыг шаарджээ. Хувийн шоронгийн Памас консорциумтэй хийсэн гэрээнд хууль зөрчсөн зүйлүүд байна хэмээн прокурор Карлос Алмейда мэдэгджээ. Олон хүний амь нас эндсэн асуудлаас үүдэлтэй Бразилд хувийн компаниуд шоронгийн үйл ажиллагаа явуулах нь зөв эсэх талаар маргаан дэгдээгээд байна.

Ялангуяа Амазонас мужийн шоронгууд 2010 оноос эхлэн зөвшөөрөгдсөн хүчин чадлаас 2 дахин хэтрүүлээд байгаа аж. Памас консорциум 2016 онд төрөөс 400 сая реал буюу 125 сая ам.долларын санхүүжилт авчээ. Памас консорциум нь Уманизаре Гестао Присионал Сервис болон Локакос Сервис гэсэн компаниудаас бүрддэг. Уг консорциум 2015 онд 27 жилийн хугацаатай, нэг жилийн төсвийг 205 сая реал буюу 64 сая ам.доллар байхаар шоронгийн үйл ажиллагаа эрхлэх гэрээ хийж, гарын үсэг зурахын тулд 198 сая реал буюу 62 сая ам.доллар авсан байна.

Гэрээний үнийн дүнг өсгөсөн байж болзошгүй хэмээн прокурор Алмейда үзэж байна. Хувийн шоронгийн загвар нь буруутгах асуудал биш ч гэсэн хүчин чадлыг 3 дахин хэтрүүлсэн, хоригдлууд шинэ оны баярын үеэр оргох гэж байсан, хууль бус зэвсэг хэрэглэсэн зэргийг урьдчилан сэргийлж чадаагүйд буруутайгаа Бразилийн Хууль зүйн сайд Алехандро Моралес үгүйсгээгүй юм. Бразилийн Прокурорын Ерөнхий газраас Амазонас, Пернамбуко, Рио Гранде ду Сул болон Рондониа дахь шоронгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр болжээ.


Бразилийн шоронд гарсан хүн амины хэргийг шалгаж эхэлжээ  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй