Шууд Chart

"Пепси лиг"-ийн 4-р тойргийн тойм

2017-01-16 07:59:17

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МХБХ-ны футзалын ордонд “Пепси” дээд лигийн тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжиллээ. Энэ удаад тэмцээний хүрээнд 5 тоглолт болсоноор “Пепси лиг”-ийн 4-р тойрог өндөрлөсөн.

Бямба гарагт болсон эхний тоглолтод “Улаанбаатарын Мазаалайнууд” өрсөлдөгч “Соёмбын барсууд” багийг 8:2-ын харьцаатай илт илүүрхэн хожсон. 

Ингэснээр тэд тэмцээний эхний 3 оноого авч байна. "Пепси лиг"-ийн сүүлийн хоёр байрт орсон баг ирэх жил футзалын УАШТ-д оролцох учраас амжилт муу байгаа багууд ч доош унахгүйн төлөө хүчтэй өрсөлдөж байна.

Тэгвэл “Унаганууд", "Атлетик 220" клубыг 9:2-ын харьцаатай хожиж, энэ жилийн 3 дахь ялалтаа авлаа. Өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд 11 дараалан хожин түрүүлсэн “Унаганууд" ийнхүү футзалын дээд лигийн тэмцээнд 14 дараалан хожсон амжилтад хүрээд байна.

Ням гарагт буюу өчигдөр лигийн талбайд 3 тоглолт боллоо. Эхний тоглолт хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Хоромхон”, “Сэлэнгэпресс” багуудын хооронд өрнөсөн. Энэ тоглолтод “Хоромхон” клубын залуус 12:5-ын харьцаатай өрсөлдөгчөө хожиж, тэмцээний 3 дахь ялалтаа авчээ. “Хоромхон” клубын шилдэг мэргэн бууч Н.Наранболд энэ өдөр 5 гоол оруулж, багийнхаа хожилд чухал үүргийг гүйцэтгэсэн. Мөн монголын футзалын шигшээ багийн тамирчин Хүрэлбаатарын Цэнд-Аюуш, Алтанзулын Улсболд нар тус бүр 3 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлжээ. “Хоромхон” ингэснээр “Пепси лиг”-ийн хүснэгтийн 3-р байрт дэвшлээ.

Дараагийн тоглолтод М.Отгонбаяр дасгалжуулагчтай хүчирхэг “Хангарьд” клуб “Арвис” клубтэй лигийн 3 дахь тоглолтоо хийлээ.

4-р тойргийн онцлох тоглолтоор нэрлэгдэж байсан энэ учраанд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Баасандоржоор ахлуулсан “Арвис” клубын залуус  өрсөлдөгчөө 5:3-ын харьцаатай хожиж, энэ тойргийн онцлох шуугианыг дэгдээсэн. Ингэснээр “Арвис” эхний 4 тоглолтоос 7 оноо авсан амжилттай “Пепси лиг”-ийг үргэлжлүүлж байна.

Тэмцээний 4-р тойргийн сүүлийн тоглолтод лигийг 3 дараалан хожсон амжилттай эхлүүлсэн “Дэрэн” клуб “Бумаасанаа” багтай учраа таарлаа. Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” клубээс багийн ахлагч Б.Гарьдмагнай 2 гоол оруулсан бол багийн шилдэг довтлогч А.Тэмүүжин 3 гоол оруулж, “Дэрэн” өрсөлдөгчөө 5:3-ын харьцаатай яллаа. Лигийн эхний 4 тоглолтдоо 100 хувийн амжилт үзүүлж, 12 оноотой болсон “Дэрэн” клуб ийнхүү тэмцээний тэргүүн байраа хадгалан үлдлээ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Пепси лиг"-ийн 4-р тойргийн тойм  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй