![](/uploads/201701/news/thumb/5b1d8e77ea6c23339c45e1adce53c4d5_x3.jpg)
ОУЦХ-ноос цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 2016-2017 оны улирлын тэмцээний хүрээнд өнөөдөр цанын кросс ангиллын 7 дахь гараа болж, ялагчдаа тодруулсан байна. Бүгд Найрамдах Итали улсын Валтес дахь цанын баазад болсон энэ удаагийн уралдаан кросс ангиллаар явагдсан 2017 оны эхний гараа байлаа.
38 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээн нийтдээ 6 ангилалд зохион байгуулагдаж байна. Эдгээрээс тамирчид кросс ангилалд 6 гараанд уралдаад байсан юм. Ийнхүү кросс ангиллын 7 дахь гараа болж, эрэгтэйчүүдээс Швейцарын Армин Ниедерер тэргүүллээ. Тэгвэл дэд байрт Канадын Брэди Леман шалгарсан бол тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Францын Жеан Фредерик Чапуис 3-р байр эзэлжээ.
Харин эмэгтэйчүүдээс шведийн 20 настай залуу тамирчин Сандра Наслунд шилдэг нь байлаа. Тэрээр 5 дахь жилдээ дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд энэ оны эхний түрүүгээ хүртлээ. Харин 2-р байраар Канадын нэрт тамирчин Жеоржиа Симмерлинг барианы зурвасд ирсэн байна.
27 настай Жеоржиа Симмерлинг Канад улсыг төлөөлөн өвөл, зуны олимпийн наадамд нийт 3 төрлөөр оролцсон анхны тамирчин болсон. Тэрээр өвлийн олимпод цанын болон кросс ангилалд өрсөлдөж байсан. Мөн тойрог замын дугуйн төрлөөр мэргэжлийн түвшинд уралддаг канадын шилдэг тамирчин юм. Жеоржиа Симмерлинг “Рио-2016” зуны олимпийн наадамд тойрог замын дугуйн багийн төрөлд Канадын шигшээ багийн хамтаар хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин 3-р байрыг Германы Хейди Захер эзэлж, энэ удаагийн гарааны уралдааныг амжилттай өндөрлүүллээ.
Эмэгтэй цаначдыг нийлбэр дүнгээр Канадын Мариелле Томпсон тэргүүлж байгаа бол Хейди Захер дэлхийн цомын тэмцээнийг 2-р байрт үргэлжлүүлж байна.
Цанын кросс ангиллын 7 дахь гараа боллоо | ||
Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.