![](/uploads/201701/news/thumb/ae0c375c9468620ca51556c65fbc5842_x3.jpg)
Трамплин үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Польшийн Висла дахь цанын баазад 2 дахь өдрөө үргэлжилж, тэмцээний 13 дахь гарааны ялагч тодорсон байна. Энэ жилийн дэлхийн цомын тэмцээнийг өнгөлж байгаа тамирчид болох Польшийн Кэмил Сточ, Норвегийн Даниел Андре Танде, Словенийн Домен Превч нарын хооронд энэ өдрийн гол өрсөлдөөн өрнөжээ. Энэ гараанд Сочигийн олимпийн хос алтан медальт, 2013 оны дэлхийн аварга Кэмил Сточ дахин түрүүллээ. Тэрээр ийнхүү өөрийн эх орондоо зохион байгуулагдсан сүүлийн 2 гараанд түрүүлсэнээр энэ жилийн дэлхийн цомын 5 дахь гараандаа ялагчаар тодорч байна. Ингэхдээ сүүлийн 4 гараанд дараалан түрүүлээд байна. Польшийн алдарт тамирчин 29 настай Кэмил Сточ энэ удаагийн гараанд эхний харайлтайраа 135.5 метр замыг туулан газардсан бол удаах оролдлогоороо 128 метр харайж, 271.7 оноогоор тэргүүн байрт шалгарсан.
22 настай Норвегийн залуу од Даниел Андре Танде 2 үсрэлтийн нийлбэрээр 270.5 оноо авч, энэ өдрийн гарааны дэд байрт шалгарлаа. Тэгвэл Словенийн Домен Превч түүнээс ердөө 0.1 онооны дутуугаар удаах байрыг эзэлсэн. Тэрээр эхний оролдлогоор 130 метр, 2 дахь үсрэлтээр 132 метр замыг туулжээ. Алдарт Петер Превчийн төрсөн дүү Домен Превч энэ жилийн дэлхийн цомын тэмцээн эхэлсэнээс хойш 3 гараанд түрүүүлээд байна. ОУЦХ-ноос зохион байгуулдаг трамплин үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд энэ жил нийтдээ 27 гарааны уралдаан болж, дэлхийн цомын эзнийг тодруулна. Одоогоор явагдаад байгаа 13 гарааны дараах нийлбэр дүнгээр Польшийн Кэмил Сточ 833 оноотой бүх тамирчдыг хошуучилж байна. Тэгвэл Норвегийн Даниел Андре Танде 767 оноотой 2-р байрт, Словенийн Домен Превч 751 оноо авсан амжилтаараа 3-р байрт эрэмбэлэгдэн уралдааныг үргэлжлүүлж байгаа юм.
Кэмил Сточ дэлхийн цомын тэмцээнийг тэргүүлж байна | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.