Шууд Chart

Лара Гют амжилтаа ахиулсаар байна

2017-01-24 10:00:00

Олон улсын цанын холбооны 50 дахь удаагийн уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ээлжит гарааны уралдаан энэ өдөр боллоо. Энэ оны тэмцээний эмэгтэйчүүдийн 22 дахь гараа Германы Гармиш дахь цанын баазад их туг сүлжих ангиллаар явагдаж өндөрлөсөн. Өнгөрсөн жилийн дэлхийн цомын эзэн, аваргаа хамгаалан уралдаж байгаа Швейцарийн алдарт тамирчин Лара Гют энэ өдөр шилдэг нь байлаа.

Тэрээр төгс гүйцэтгэлийг үзүүлж, нийлбэр дүнгээр 1 минут 17.92 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Ийнхүү Лара Гют энэ жилийн дэлхийн цомын тэмцээний их туг сүлжих төрөлд явагдсан 3 гараанд дараалан түрүүллээ. Өмнө нь 1989 онд нэрт тамирчин Кэроль Мэрли, 1998 онд Катъя Шайзингер, өнгөрсөн жил алдарт Линдсей Вонн нар энэ амжилтад хүрч байсан бөгөөд Лара Гют дэлхийн цомын тэмцээний их туг сүлжих ангиллын эхний 3 гараанд дараалан түрүүлсэн 4 дэх тамирчин болон түүхэнд тэмдэглэглэгдэн үлдэж байна.

Энэ цаг үеийн дэлхийн шилдэг цаначдын нэг, өдгөө 25 настай Лара Гют 9 дэх жилээ дэлхийн цомын тэмцээнд уралдаж байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү тэмцээний 22 дахь түрүүгээ хүрсэн нь энэ байлаа. Энэ гарааны 2-р байрт тэргүүлэгчээс 0.67 секундээр хоцорсон Австрийн шинэ залуу тамирчин Стефанье Вениер шалгарч, анх удаагаа дэлхийн цомын тэмцээний шагналын тавцанд гарахаар болсон. Тэгвэл их туг сүлжих ангиллын эхний 2 гараанд дараалан дэд байрт шалгараад байсан Лихтенштейний алдарт тамирчин Тина Вейратер энэ удаад 3-р байрт орсон амжилттай уралдааныг өндөрлүүллээ.

Түүнчлэн өнгөрсөн жилийн дэлхийн цомын тэмцээний хүнд бэртлээс эргэн ирээд байгаа АНУ-ын алдарт тамирчин, дэлхийн цомын тэмцээний 4 удаагийн аварга, Олимп ДАШТ-ий хос алтан медальт Линдсей Вонн 2 дахь гарааны уралдаандаа оролцож 9-р байрт шалгарсан байна. Түүний хувьд бэртлээ бүрэн эдгээж, уралдахад бүрэн бэлэн болсныхоо дараа буюу энэ сарын 21-нд энэ жилийн дэлхийн цомын тэмцээний эхний гарааны уралдаандаа оролцож, уулын уруу эгц хурдтай буух төрөлд  явагдсан тус гараанд тэргүүн байр эзлээд байсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Лара Гют амжилтаа ахиулсаар байна  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй