Шууд Chart

Дэлхийн цомын тэмцээний 23 дахь гараа боллоо

2017-01-26 18:14:04

ОУЦХ-ны уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхлээд 3 сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Эмэгтэйчүүдийн хувьд энэ онд нийтдээ 37 гараанд уралдаж ялагчаа тодруулана. Өнөөдөр тэмцээний 23 дахь гараа болж шилдгүүдээ тодруулллаа. Тэмцээний 23 дахь гараа Италийн Ладин дахь Кронплатз ууланд байрлах цанын баазад их туг сүлжих ангилалд болж өндөрлөлөө. Их туг сүлжих ангилалд явагдаж байгаа энэ оны 7 дахь гараа нь энэ байлаа. Энэ өдрийн гарааг зохион байгуулагч орны тамирчин Италийн Федерика Бриноне 2 минут 10.05 секундын амжилтаар өрсөлдөгчөө манлайлж, тэргүүн байрт шалгарсан. 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 26 настай Федерика Бриноне 8 дахь жилдээ дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний 3 дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ юм. Тэгвэл удаах байрт Францын Тесса Уорли шалгарч, тэргүүлэгчээс 0.55 секундээр хоцорсон амжилтыг үзүүлсэн байна. Италийн тамирчдын амжилт энд хүрээд дууссангүй. 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 20 настай Итали цаначин Марта Бассино энэ өдөр 3-р байрыг эзэлжээ. Тэгвэл аваргаа хамгаалагч Швейцарийн Лара Гют 4-р байрт, энэ жилийн дэлхийн цомын тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч АНУ-ын алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга Микеала Шиффрин 5-р байрт энэ удаагийн гарааг өндөрлүүлжээ. Өнөөдрийн гарааны ялагч Италийн Федерика Бриноне дэлхийн цомын тэмцээнд дахин нэг гараанд түрүүлэхэд өөрийн ээж Мариа Роса Күариогийн амжилттай зэрэгцэх юм. Тэрээр 1979-1983 оны хооронд 4 гарааны уралдаанд түрүүлж байжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Дэлхийн цомын тэмцээний 23 дахь гараа боллоо  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй