Шууд Chart

Дмитри Пайе "Марсель"-д эргэн ирлээ

2017-01-31 18:17:36

Францын “Марсель” клуб Английн “Уэст Хэм Юнайтед”-аас Франц хагас хамгаалагч Дмитри Пайег багтаа элсүүлсэнээ өнөөдөр албан ёсоор зарлаж, олон нийтэд танилцуулжээ. Дмитри Пайе “Марсель”-д ирсэн энэхүү шилжилт хөдөлгөөн энэ долоо хоногт хөлбөмбөгийн спортын эргэн тойронд болсон онцлох үйл явдал байсан юм. Өдгөө 29 настай франц хагас хамгаалагч Дмитри Пайегийн Англи дахь хүнд өдрүүд дуусгавар болж, өөрийн хуучин баг “Марсель” клубтээ нэгдсэн байна. Түүний энэ баг дахь байр суурь болон клуб хоорондын шилжилт хөдөлгөөн сүүлийн нэг сар гаруйн хугацаан дахь онцлох шуугиануудын нэг болоод байсан юм. “Марсель”-ийн удирдлагууд эхлээд 19 сая, дараа нь 20 сая, 22.5 саяыг санал болгон үнийн саналаа нэмж, тамирчин болон клубын удирдлагууд хоорондох харилцааг хүндрүүлж, эцэстээ түүнийг 25 сая пунтийн үнээр багтаа нэгтгэжээ.

Дмитри Пайегийн хувьд өнгөрсөн 2016 оны 12-р сарын сүүлээр багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд “Уэст Хэм”-ийн удирдлагууд ч түүнд арга хэмжээ авч, үндсэн багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийхийг хориглосон юм. Улмаар “Уэст Хэм” Пайег орлуулахаар Английн “Халл Сити” клубээс Роберт Снодграссыг авч, түүнийг “Марсель”-руу явуулахаар болсоноор хоёр тал тохиролцоонд хүрчээ. Дмитри Пайе ийнхүү “Марсель”-тай дөрвөн жил хагасын гэрээг үзэглэсэн байна. Пайе өмнө нь 2013-2015 оны улирал “Марсель”-ийн төлөө хүчин зүтгэхдээ 83 тоглолтод оролцож, 15 гоолыг оруулж байсан юм. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогдох тэрээр шинэ багийнхаа 11 дугаарыг эзэмшихээр болжээ.

Дмитри Пайе анхны хэвлэлийн хурлынхаа үеэр “Би өөрийн эх орондоо, өөрийн багтаа буцаж ирэхийг их хүссэн. Энд миний гэр бий, эндэхийг би сайн мэднэ. Францад буцаж ирээд “Марсель” клубын аварга болох шинэ төслийн нэг хэсэг нь байхыг би хүссэн. Одоо би өмнөхөөсөө ялгаатай нь шигшээ багийн хөлбөмбөгчний хувиар нэгдүгээр лигт тоглох гэж байна. Энэ үүрэг хариуцлага, дарамт шахалт дор тоглох ямар байдгийг би сайн мэднэ. “Уэст Хэм”-д би өнгөрсөн жил гайхалтай улирлыг өнгөрүүлж чадсан. Хөгжөөн дэмжигчид надад сайхан сэтгэгдэл үлдээсэн. "Марсель" бол миний өөрийн сонголт, бас хүсэл байсан юм. Англид би тухгүй, сэтгэл хангалуун бус байсан болохоор эх орондоо очихыг зорьсон. Марсель бол сайхан дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг. “Велодром” ч гайхалтай цэнгэлдэх хүрээлэн. Багийн хэд хэдэн тоглогчидтой холбогдоход намайг ирсэнд их баяртай байна лээ. Бас Патрис Эвра энд ирсэн нь миний хувьд маш таатай гэнэтийн мэдээ байлаа. Наашаа ирэхээр шийдэхдээ би түүнийг ирнэ гэдгийг мэдээгүй байсан юм. Би одоо талбайд гарахад зуун хувь бэлэн байна. “Марсель”-ийн энэ улирлын зорилго Европын цомын тэмцээний эрх авах. Дотоодын лигтээ эхний гуравт орох мэдээж амаргүй байх болно" хэмээн ярьжээ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Дмитри Пайе "Марсель"-д эргэн ирлээ  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй