МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Бахархал” хэмээх нэвтрүүлэг үзэгч олонд хүрсээр жил орчим хугацааг үджээ. Тодруулбал тив дэлхийд алдраа цуурайтуулсан Монголын олон арван спортын алдартан энэ нэвтрүүлэгт зочилсон байна.
Долоо хоногийн дунд үеэс л дараагийн зочиноо хэн байх вэ гэж шүүж эхлэх. Гэхдээ урих хүн олдохгүйдээ биш. Эдгээр алдартнаас хэнийг нь сонгож, богинохон хугацаанд хэрхэн сайн нэвтрүүлэг хийх вэ гэдэг л чухал юм.
Ямартаа ч нэвтрүүлэг маань энэ хугацаанд өөрийн гэсэн үзэгчтэй болж чаджээ. Ням гараг бүрийн 21:00 цагт “Бахархал” нэвтрүүлгийг маань үзэх гэж “Монголын мэдээ” сувгийг сонгодог та бүхэндээ баярлалаа.
Иймд “Бахархал” нэвтрүүлгийнхээ энэ дугаарын зочиноор боkсын спортын ОУХМ Бямбын Түвшинбатыг онцолсон юм. Боkсынхон дундаа Түба хэмээн нэрлэгддэг энэ залууг 2007 оноос мэдэх болсон юм. Тэрбээр 2007 онд Улаанбаатар хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийн болзол хангаад буух үед нь ярилцлага авахад их сонин хариулт өгч билээ. Чухам юу гэснийг нь үзэгч та манай энэ л нэвтрүүлгээс үзэх боломжтой.
Үүнээс хойш 2011, 2015 оны ДАШТ, 2016 оны Риогийн олимпийн наадам гээд л олон тэмцээнд хамтдаа явж, ялалтын баяр, ялагдлын гашууныг хуваалцсан даа.
2015 оны Kатарын Доха хотноо болсон ДАШТ-нд Түба маань оролцохдоо шөвгийн наймд өрсөлдөгчөөсөө илүү тоглосон ч шүүгчид нөгөө тамирчинд ялалт өгөхөд бид маш их харамсаж байлаа.
Түба тэр тулааны үед ялж яваа гэдэгтээ маш итгэлтэй байсан. Бид ч тэгж бодож байлаа. Маргааш нь тэрбээр надтай ярьж суухдаа санаа алдаж "Ингэж шүүхийг нь мэдсэн бол өөрөөр тулалдахгүй юу. Энэ муу гарыг юуг нь хайрлах вэ дээ. Хугартал нь нүдэлдэхгүй юу" гэж билээ. Ялахын төлөөх ямар их хүсэл тэмүүлэл вэ гэж бодон Түбагаа өрөвдөж бас түүнээр бахархан сууж билээ.
Ийм л хүн манай энэ удаагийн дугаарт оролцлоо. Товчхондоо бол ийм. Харин үүнээс цаашихыг ирэх ням гарагийн 21:00 цагаас гарах “Бахархал” нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.
"Бахархал"-ын өмнө... | ||
Үзсэн: 1925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.